Анхдугаар чуулганыг маргааш нээхээр зөвшилцөлд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржтой өнөөдөр үдээс хойш намуудын удирдлагуудтай уулзаж, маргааш нээлтээ хийх анхдугаар чуулганы товын талаар санал солилцсон байна.
Ерөнхийлөгч энэ сарын 1-нд УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг долдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт хуралдуулахаар зарлиг гаргасан. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд анхдугаар хуралдааныг маргааш хуралдуулах нь зохимжгүй хэмээн мэдэгдсэн төдийгүй түүний мэдээллийн дараа Хууль зүйн байнгын хороо хуралдсан юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудлаар завсарлага хүсэхэд байнгын хорооны дарга Д.Ганбат түр завсарлага өгөөд буй. Намуудын удирдлага Ерөнхийлөгчтэй зөвшилцөлд хүрсэн тул Хууль зүйн байнгын хороо эргэж хуралдахаа больсон байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн зарлигт нэмэлт тодотгол орсон ч анхдугаар чуулганы нээлтийг хойшлуулахгүй байх шийдвэрт хүрсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал