Дундговьд "Говийн оточ" элсний сувилал үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-04 11:21:15

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Хатавчийн элс хэмээх газар “Говийн оточ” элсний сувилал үүдээ нээжээ. Хатавчийн элс нь нарны илчийг ихээр шингээдэг, нарийн ширхэгтэй, олон төрлийн эрдэстэй тул бөөрний архаг болон олдмол өвчинд нэн тустай гэдгийг Уламжлалт анагаах ухааны тэргүүлэх зэргийн их эмч, Клиникийн профессор Л. Бямбаа хэлж байна.

Бөөрний өвчин төдийгүй үе мөчний архаг өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн тархины рахит болон сульдаа өвчнийг байгалийн ийм элс, нарны гэрэл, агаарыг ашиглан эмчлэх нь илүү үр дүнд хүрдэг. Үүний тулд наран шарлага, элсэн хучлагыг ингэний хоормогтой хослуулах нь хаванг эрчимтэй хөөдөг онцлогтой гэлээ.

Тэрээр халуун хуурай эмчилгээ, тэр дундаа байгалийн элсэн сувилалаар үе мөч, бөөрний хүнд хэлбэрийн өвчтөнийг илааршуулж байсан олон жилийн туршлагаараа энэхүү сувилалыг шинээр ийнхүү нээсэн байна.

Элсэн эмчилгээнээс гадна бариа засал, зүү төөнүүр хийх, бумба тавих зэрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээнүүдийг ч хослуулан хийх ажээ.

Өлзийт сумын нутагт оршдог Өөш манханы элсийг түшиглэсэн бөөрний сувилал арваад жилийн өмнө үйл ажиллагаа эхэлж байсан. Үүнтэй зэрэгцэн Хатавчийн элсний сувилал мөн эмчлүүлэгчдээ хүлээн авч эхэллээ.  

Т. Отгонтуяа

Related news