Нийслэлийн газар өмчлүүлэх ажлыг түр хугацаагаар хойшлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Иргэдэд 2021 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” тогтоолыг баталсан байна.
Энэ тогтоолоор авилгын асуудлаар хамгийн их гомдол ирдэг нийслэлийн газар өмчлүүлэх ажлыг түр хугацаагаар хойшлуулсан байна. Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг газрын харилцааг цахимжуулах, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтэй уялдуулж, дахин оруулж ирэхийг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон байна.
Харин аймаг, орон нутагт хэвийн олгох аж.
Ташрамд дурдахад, Засгийн газраас авилгыг бууруулах ажлын баг байгуулсан бөгөөд уг баг ажлын тайлангаа долоо хоног бүр танилцуулдаг байна. Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсанд газрын албаны хүнд суртал, авлигалтай гомдол хамгийн их ирсэн байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны эцэс хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 647,664 иргэнд 65,836.26 га газрыг өмчлүүлжээ. Үүнээс 646,658 иргэнд 65,643.06 га газрыг гэр бүлийн хэрэгцээний, 1,006 иргэнд 193.2 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлсөн байна.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт иргэдийн 19.6 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчлөн авчээ.