Ардчилсан намаас мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-25 16:01:40

МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежер Э.Эрдэнэжамъян олон нийтэд танилцуулсан МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын гишүүн А.Ганбаатар, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын бичлэгтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ. 

Энэхүү мэдэгдлийг өнөөдөр АН-ын дарга З.Энхболд болон тус намын гишүүд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж танилцуулсан юм. АН-ын дарга З.Энхболд "МАН-ын дарга М.Энхболд нарын Төрийн албыг худалдах, ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай ярианы бичлэгийг МАХН-аас олон нийтэд ил болгосон. Энэ бичлэгт МАН 182 гаруй мянган төрийн албан хаагчийг ур чадварыг нь үл харгалзан хална гэж байна. Зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг үнэлэх замаар наймаалах тухай ярьсан. Энэ бичлэгийг Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй сонгуулийн стратеги, тактик, санхүүжилтээ ярьсан бичлэг дотроосоо алдсанаа хүлээн зөвшөөрсөн нь баримтыг улам ноцтой болголоо" гэв. 
Түүнчлэн төрийн албыг үнэлэн худалдах санаархал нь Үндсэн хуулийн, Эрүүгийн хууль, Төрийн албаны хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хууль зэргийн олон заалтыг ноцтой зөрчсөн учир МАН-ын удирдлагын дээрх хууль бус, ноцтой үйлдлүүдийг Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газраас нэн даруй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхийг шаардаж байна гэсэн юм.

Н.Гантуяа

Related news