Ж.Безос дүүгийнхээ хамт сансарт ниснэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-06-08 16:20:43

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос “Blue Origin” компанийнхаа сансрын анхны нислэгийн бүрэлдэхүүнд дүүгийнхээ хамт багтахаар болсноо даваа гарагт мэдэгджээ.


Тэрбээр сансарт нисэхийг бүхий л амьдралынхаа турш хүсэн мөрөөдөж ирсэн гэдгээ “Instagram” хуудсандаа бичсэн байна. “Blue Origin” компани мөн нислэгийн нэг суудлыг цахимаар дуудан худалдаалахаа мэдэгдээд байгаа юм.


Дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэгд тооцогддог Ж.Безос нь 186.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйг Америкийн “Forbes” сэтгүүлийн мэдээлэл харуулж байна.


“Ирэх долоодугаар сарын 20-нд миний бие дүүгийнхээ хамтаар аялалд гарна. Хамгийн сайн найзтайгаа хийх хамгийн гайхалтай аялал энэ байх болно” хэмээн тэрбээр “Instagram”-даа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ тайлбарт бичжээ.


Ж.Безосын дүү Маркийн хувьд энэхүү аяллыг “гайхалтай боломж” хэмээн тодорхойлж буйг бичлэгт үзүүлсэн байна. “New Shepard” хөлгийг дэлхийгээс сансарт ниссэн хоёр дахь хүн бөгөөд АНУ-ын анхны иргэн болох Алан Шепардын нэрээр нэрлэжээ.


Amazon”-ы тэргүүн нислэгийн багийн бүрэлдэхүүнд багтана гэдгээ мэдэгдэх үед “New Shepard” хөлгийн дуудлага худалдаанд оролцуулж буй суудлын үнэ 2.8 сая ам.долларт хүрээд байжээ. Энэхүү дуудлага худалдаа зургаадугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм.


“Бид зорчигчдоо дэлхийн гадаргуугаас дээш 100 гаруй километрт хүргэж, бичил таталцлыг мэдрүүлэхээр төлөвлөж байна” гэж “Blue Origin” компанийн цахим хуудсанд мэдээлжээ. New Shepard”-ын хүн тээвэрлэсэн анхны нислэгийг Ж.Безосыг “Amazon” компанийн тэргүүний албан тушаалаасаа огцрох өдрөөс хоёр долоо хоногийн дараа товлоод байгаа ажээ.  

Related news