УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан ЖАЙКА-гийн Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүраг өнөөдөр хүлээн авч уулзав.
Хатагтай Эрико Тамүра, Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг болох “Сүр жавхлант тууз” одонгоор шагнуулсанд нь УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд баяр хүргээд, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч Шиничи Китаокагийн баярын цахилгааныг уламжиллаа.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай олон талт, өргөн хүрээтэй, үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлж ирснээ УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан тэмдэглэв. Иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”, “Улаанбаатар хотын дулааны 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл”, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гүүрэн гарц (Нарны гүүр) барих төсөл”, “Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын барилга барих төсөл” зэргийг онцолсон юм. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) нь макро эдийн засгийн эрүүл үйл ажиллагаа ба засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах, хүртээмжтэй нийгмийг бий болгох чиглэлээр Монгол Улсад олон төсөл, хөтөлбөрийг өндөр үр дүнтэй хэрэгжүүлж, хамтран ажиллаж ирснийг тэрбээр тэмдэглээд, тус байгууллагын хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа илүү өргөжин, тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой ирэх онд тохионо. Ойн хүрээнд тус байгууллагаас УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнтэй хамтран Япон Улсын хөгжлийн түүх, шинэчлэл болон боловсролын салбарын талаарх цуврал лекц зохион байгуулахаар төлөвлөсөн болохыг уулзалтын үеэр ярилцсан. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Япон, Монголын харилцааг бэхжүүлж, хоёр орны парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан Монгол Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцангийн онцгой хувь нэмрийг нь үнэлж, Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор шагнасныг 2021 оны дөрөвдүгээр сард тус улсын Засгийн газар зарласан юм.