Аймгийн онцгой комиссын дарга нарт вакцинжуулалтыг эрчимжүүлэх үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-02 19:14:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Аймгийн онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж, орон нутаг дахь дархлаажуулалтын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, үүрэг даалгавар өгөв.


Монгол Улсын Засгийн газраас энэ оны 4-6 дугаар сарыг дархлаажуулалтын сар болгож, зорилтот бүлгийн хүн амаа "COVID-19"-ийн эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулахаар зорьсон. Энэ сарын 15-наас дархлаажуулалтын үр дүн мэдрэгдэж, халдварын тархалт хумигдаж, тохиолдлын тоо тогтвортой буурах тооцоолллыг Эрүүл мэндийн яам болон эрдэмтэн судлаачдын багийн судалгаа харуулж байсан юм.


Энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд 1,859,509 хүн (89.9%), 2 дугаар тунд 1,323,266 хүн (64%) хамрагдсан байна. Үүнээс үзвэл вакцины хоёрдугаар тунд хамрагдалт орон нутагт тооцсон шиг идэвхтэй биш байгааг Ерөнхий сайд дурдаад, дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Аймгийн онцгой комиссын дарга нарт үүрэг болгож, Баян-Өлгий, Ховд, Увс, Дундговь, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт хатуу анхааруулга өгсөн юм. Орон нутгийнхны хувьд малчид бусад аймаг руу отроор олноор явсан зэрэг нь дархлаажуулалтад хамрагдах тоонд сөргөөр нөлөөлж буй томоохон хүчин зүйл болж байгаа гэв. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын амралт эхэлж хүүхдүүд орон нутаг руу зорчиж буй нь халдвар тархах эрсдэл болсон гэдгийг онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Related news