УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын асуудалд ОУПХ анхаарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаан өнөөдөр боллоо.
Нийт 150 гаруй орны парламентын төлөөлөгч оролцсон Удирдах зөвлөлийн 207 дугаар хуралдаанд Монгол Улсын парламентыг төлөөлж, УИХ-ын гишүүн, 2001-2004 оны ОУПХ-ны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллаж байсан Н.Энхболд, ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг нар оролцов.
Хуралдаанаар эхлээд ОУПХ-ны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хорооны үйл ажиллагааны талаарх тайлангууд сонслоо.
Үргэлжлүүлэн ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон тус холбооны 2020 оны үйл ажиллагаа болон олон улсад үзүүлсэн “Нөлөөллийн тайлан”-г танилцуулсан. ОУПХ-ноос тухайн хугацаанд гол анхаарал хандуулж хийсэн ажил, түүний үр дүн, парламентууд, тэдгээрийн гишүүдтэй холбоотой онцлог асуудлыг тусгадаг уг тайланд, "Монгол Улсад парламентын гишүүн, сонгуулийн нэр дэвшигчийг хууль бусаар баривчлан саатуулсан тохиолдол гарсан. Энэ асуудлыг эрх зүйт төр, парламентын халдашгүй байдлын нийтлэг зарчмын хүрээнд шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаа" хэмээн онцлон тэмдэглэсэн байлаа.
Үүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд хариу тайлбар өгөхдөө, "Монгол Улсад болсон энэ хууль бус үйлдлийг “Нөлөөллийн тайлан”-д дурдсанд талархал илэрхийлж байна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй, дараагийн сонгуульд нэр дэвшсэн парламентын гишүүний халдашгүй байдлыг зөрчсөн асуудал гарсан. Хоригдож байх хугацаандаа сонгогчдын олонхын санал авсан хүн парламентын гишүүнээр дахин сонгогдсон. Түүнийг Улсын Дээд шүүхийн шийдвэрээр сулласан бөгөөд парламентын гишүүний тангаргаа өргөн, албан үүргээ гүйцэтгэж байгаа. Мөн энэ үйл явдал нь олон улсад ардчилсан парламентыг бэхжүүлэхийн төлөө ОУПХ-ны тэмцэл, дэмжлэг, улс орнуудын парламентын харилцан туслалцаа, хамтын ажиллагаа хэчнээн чухал болохыг нотлон харуулсан хэрэг болсон" гэлээ.
ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Чунгон, парламентын гишүүнийг хууль бусаар баривчлан саатуулах асуудлыг шийдвэрлэхэд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан, цаашид ч анхааралдаа байлгана гэдгийг цохон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.