Цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтыг иргэд шүүмжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-20 15:27:25

Баянхонгор аймгийн төвд “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгөөр хийгдсэн тус хүрээлэн улирагч амралтын өдрүүдэд нээлтээ хийж, ашиглалтад орлоо.

Жил гаруй хугацаанд хийгдсэн тус байгууламжийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Тойвгоо тэргүүтэй бусад албаны хүмүүс нээсэн бөгөөд хүүхэд залуус оролцон нээлтийн туузыг хайчилсан юм. Мөн нээлтэд аймгийн ард иргэдээс гадна Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч Х.Баттулга, Д.Ганбат, Б.Түвшинбаяр нар болон аймгийн ИТХ-д нэр дэвшигчид байлцсан.

Харин тус бүтээн байгуулалт нээлтээ хийсэн өдрөөс л “эв нэгдлийн” гэх тодотголдоо байж чадахгүйд хүрэв. Тодруулбал, нээлтийн маргаашаас л тус цэцэрлэгт хүрээлэнд Ардчилсан намын туг намирч, намын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн зурагт хуудсууд хойморт нь заларчихаад байгаад байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Өдгөө тус хүрээлэн сонгуулийн сурталчилгааны “штаб” мэт болсон төдийгүй өдөр бүр нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалтын хөлд дарагдаж байна.

Өчигдөр буюу энэ сарын 19-ний орой тус хүрээлэнгээр зугаалж явсан зарим хүнээс сэтгэгдэл авснаа хүргэе.

Өндөр настан н.Лантуу: Овоо сайхан зүйл хийчихлээ гэж харж байсан чинь намын өмч мэт аашлаад эхэлчихсэн байна. Намынх нь байр байгаа, өөр томоохон заал, сурталчилгааны байр болчихоор газрууд мундахгүй атал ингэж төрийн мөнгөөр хийсэн газрыг түмний нүдэн дээр эзэгнэж байгаа нь маш буруу.

Сурагч Б.Мөнх-Эрдэнэ: Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховор байдаг. Ихэвчлэн найзуудтайгаа нийлж, зааланд цаг авч тоглодог. Ийм сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болсонд баяртай байна. Харин энд сонгуулийн сурталчилгаа хэт их байршсан нь таалагдсангүй.

Сурагч Б.Номин-Эрдэнэ: Бүтээн байгуулалтынх нь ажил бүрэн дуусчихвал бүр л гоё болно байх. Гэхдээ ийм том талбайд Задгай театрын хэсэг байгуулсан бол гоё оо. Одоогоор бол харж үзэх юм ховорхон юм шиг.

 Иргэн н.Цэцэгдарь: Хүүхдүүдтэйгээ зугаалж явна. Амар амгалан, цэвэр сайхан орчин бүрдсэн байна. Гэхдээ анхнаасаа л намын байр маягтай “тохижсон” байгаа нь муухай харагдуулж байна. Нийгмийн энэ их стресс, сонгуулийн хэрүүл талцлаас бага боловч сатаармаар байтал нийтийн соёл амралтын газарт улстөржилт байх нь ёсзүйгүй санагдаж байна.

 Б.Мөнхзул

Related news