Зава Дамдин гавжийн амьдрал түүхтэй холбоотой шинэ бүтээл туурвиж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-17 14:26:33

Ирэх онд их номч Зава Дамдин гавжийн мэндэлсэний 150 жилийн ой тохионо. Энэ ойд зориулан Зава Дамдин судлаач, зохиолч Х. Шонхор цуврал тууж туурвиж эхэлжээ.

Тэрээр хэлэхдээ, “Лам нар хөдөөлөх цагаар”, “Нүглийн сүүдэр”, “Далан нэгэн худалч” гэсэн гурван тууж байх бөгөөд бүгд Зава Дамдин гавжийн амьдрал түүхтэй холбоотой гэлээ.

Тухайлбал, “Лам нар хөдөөлөх цагаар” туужид Зава Дамдин гавж Дэлгэрийн Чойрын хийдийн лам, шавь нартаа хурал ном, шашны зан үйлийн дэг жаягийг хэрхэн мөрдүүлж байсан тухай өгүүлэх бол “Нүглийн сүүдэр”- т 1930- аад оны хэлмэгдүүлэлтэд Зава Дамдины үүсгэн байгуулж, суурьшин аж төрж байсан Дэлгэрийн Чойрын хийд хэрхэн өртсөнийг өгүүлэх ажээ.

Мөн тэрээр урьд хэвлүүлсэн “ Ариусахуй нигүүлсэхүйн учир” номынхоо үргэлжлэл “Энэрэхүй нигүүлсэхүйн учир” номоо хэвлүүлнэ гэлээ.

Зохиолч Х. Шонхор нь 1990- ээд оны эхнээс Дэлгэрийн Чойрын хийдэд сууж, хийдийг сэргээн босголцсон төдийгүй Зава Дамдин гавжийн олон арван шавьтай сэрүүн тунгалаг ахуйд нь уулзан, Зава Дамдин гавжийн хувь хүн талаас олон баримт цуглуулж үлдсэн хүн юм. Тэрээр өөрийн цуглуулж үлдсэн баримтууддаа түшиглэн арав шахам зохиол туурвижээ.

Т. Отгонтуяа

Related news