Нүүрс, баяжмалын тээвэрлэлтийг хэвийн байлгахад анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-24 12:47:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оюу Толгой" ХХК ойрын хугацаанд баяжмалын тээврийг сэргээх, ажилчдаа вакцинжуулах, ээлж солих болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2019 оны нөөцийн тодотголын тайлантай холбогдуулан гаргасан зөвлөмжид шуурхай хариулт өгөхөд анхаарч байна. 


Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандр Торрестой цахимаар уулзах үеэр ярилцсан юм.  


Гүйцэтгэх захирал Армандо Торрес уулзалтын үеэр УУХҮЯ компанийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн  явуулахад байнга дэмждэгт талархал илэрхийлээд тахлын үед компаниас хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээллээ.


Тухайлбал, тус уурхайд коронавирусний халдварын хоёр тохиолдол бүртгэгдэхэд компани шуурхай арга хэмжээ авч хөдөлгөөнийг түр зогсоон, гүний уурхайн 3500 гаруй ажилчныг тусгаарлан ойрын хавьтлуудыг тогтоож, ажилчдаас шинжилгээ аван, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, баяжмал тээвэрлэгч 200 гаруй тээврийн жолоочийг вакцинжуулан, хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангажээ.


Мөн Улаанбаатар, Даланзадгад, Манлай, Баян-Овоо, Ханбогдод PCR шинжилгээний төв байгуулж уурхайн ажилчдын ээлжийн 7/14 хоногийг 14/28  болгов. Түүнчлэн БНХАУ руу тээвэрлэх баяжмалын тээврийг эхлүүлэх талаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж, тавьсан шаардлага, болзлын дагуу ажиллаж байгаа аж.


УУХҮ-ийн сайд Г.Ёндон Гашуунсухайт боомтын талаар БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтэй холбогдож нөхцөл байдлын талаар ярилцжээ. Тэрбээр, “БНХАУ-ын тал "Оюу Толгой"-д бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдолтой холбоотой нүүрс, баяжмал тээвэрлэлтийн машины тоог бууруулаад байгаа. Цаашид "Оюу  Толгой" болон бусад уурхайд гарч болох эрсдэл, Монголд тархаад буй коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд үндэслэн нүүрс, баяжмал тээвэрлэлтийг хэвэнд нь оруулахыг Баяннуур аймгийн удирдлагууд шийдвэрлэнэ хэмээн тайлбарлав


 

Related news