Эрүүгийн хуулийн гүтгэх зүйл ангиар улстөрч гомдол гаргахгүй байх хуулийн төсөл өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Уг хуульд төрийн байгууллагууд, улс төрд нөлөө бүхий этгээд төрийн албан тушаалтны хувиар Эрүүгийн хуулийн гүтгэх гэсэн зүйл ангиар цагдаад гомдол гаргахгүй гэсэн тайлбар оруулж байгааг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
Тэрбээр, “Улстөрч хүний ард төрийн нэр хүнд, олон нийтийн эрх ашиг байдаг. Тиймээс улстөрч хүн хариуцлагатай, нээлттэй байх ёстой тул албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбоотой хардлага, сэрдлэгт хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хардах эрхийг албан тушаалын давуу байдлаа ашиглан зөрчиж болохгүй. Харин улстөрчийнх нь бус хувь хүнийх нь үүднээс эсхүл гэр бүлийнх нь үнэ цэнд нь халдсан гүтгэлэгтэй холбоотой асуудлаар гомдол гаргаж, нэр төрөө сэргээлгэх эрхэд нь халдаагүй” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Шүүхийн мэдээллийн сангаас авч үзэхэд сүүлийн 1-2 жилийн хугацаанд хардах эрхээ эдэлснийх нь төлөө 31 сэтгүүлчид торгох болон бусад хуулийн арга хэмжээ авсан байна. Тиймээс улстөрчийн албан тушаалтай холбоотой асуудалд сэтгүүлчийн хардах эрхийг нээлттэй орхих ёстой” хэмээв.