Парламентын дарга нарын хурлаар хамтын ажиллагаа, олон талт үзлийг бэхжүүлэх нь чухал байгааг онцоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-03 12:01:26

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбоо нь 2000 оноос эхлэн таван жил тутамд Парламентын дарга нарын дэлхийн бага хурлыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн VI бага хурал долоодугаар сарын 29-31-нд “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвийн дор Женев хотноо болсон талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Тус хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир болон Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа нар оролцлоо. 


Парламентын дарга нарын дэлхийн VI бага хурал дэлхийн 90 гаруй улс парламентын даргын түвшинд оролцож, өдгөө дэлхий дахинд тулгамдаж буй гол сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллага хэрхэн хувь нэмрээ оруулж ажиллах талаар хэлэлцэв.

Тухайлбал, талцал хуваагдал газар авч буй цаг үед парламент дахь эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо, амар амгалан ирээдүй, энх тайвныг цогцлоохын тулд шинэлэг шийдлийг олох, 2030 он гэхэд ТХЗ-д хүрэхийн тулд шинэлэг боломжийг эрэлхийлэх, цахим ирээдүйг бүтээхэд парламентад гүйцэтгэх үүрэг, ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц үйл ажиллагаа авах зэрэг таван салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Бага хуралд оролцсон төлөөлөгчид зэвсэгт мөргөлдөөний асуудал аюулгүй байдалд заналхийлж, олон улсын эрх зүйн зарчим алдагдаж байгаа өнөө үед парламентын хамтын ажиллагаа, олон талт үзлийг бэхжүүлэх нь нэн чухал байгааг онцолж байна.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой орны хувьд аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэх нь чухал ач холбогдолтойг дурдав. Түүнчлэн даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентын манлайлал, оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр, Монгол Улс нь ОУПХ, дэлхийн парламентуудтай хамтран амар амгалан ирээдүйг бүтээж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд тууштай ажиллахаа илэрхийллээ. Мөн парламентад жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, тогтвортой хөгжлийг хангах асуудал VI бага хурлын анхаарлын төвд байв.


Ийнхүү энэ удаагийн Олон улсын парламентын дарга нарын дэлхийн VI бага хурлаас энх тайван, шударга ёс, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд хүргэх замын зураглалыг тодорхойлсон Тунхаглал батлагдлаа. Энэхүү Тунхаглалаар парламентууд энх тайвны үйл явцыг бэхжүүлэх талаар үүрэг хүлээж, түүнийг хууль тогтоомждоо тусгаж, биелэлтийг бодит үр дүнд хүргэх үүрэг амлалт авч байна.




 

Related news