...ЮМ БАЙНА ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАЛТАН ЛУУНЫ УЛС РУУ...
...Өмнөд хөршийн их удирдагчийн урилгаар 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл Монгол Улсын сэтгүүлчдийн хүчирхэг баг БНХАУ-д зочилсон юм.
2014 онд БНХАУ- ын дарга Си Жинпинь Монгол Улсад төрийн албан ёсны айлчлал хийхдээ Монголын 250 сэтгүүлчийг урихаар шийдвэрлэж, түүний дагуу манай сэтгүүлчдийн эхний баг ноднин анх аялжээ. Энэ удаагийн хоёр дахь багийн сэтгүүлч биднийг өнөөдөр МОНГОЛ улсад суугаа БНХАУ- ын ЭСЯ- наа хүлээн авч уулзлаа. МОНГОЛ улсад суугаа БНХАУ- ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин элэгсэг дотноор хүлээн авч, манай дарга Си Жинпинь амласан ёсоороо төрийн өндөр хэмжээнд хүлээн авахаар болсныг дуулгав.
Хятад монгол 4710 км хиллэдэг. 1939 онд дипломат харилцаа тогтоосон...гэж элчин сайд сэтгүүлчдийг хүлээн авахдаа онцлов..Хятадын мөрөөдөл гэж ярих болсон талаар бас тайлбар өглөө.
Хятад мөрөөдөл бол хятадын ард түмний амьдралыг шинэ шатанд гаргах зорилготой. Бид энэ мөрөөдлийг ганцаараа хийж чадахгүй. ..хөрш болон сайн санаат улс орнуудтай хамтаараа хийж чадна.Монгол Улс ч өөрийн мөрөөдөлтэй. ..сайн сайхан амьдрал мөрөөдөж байгаа...Хятадын даргын Монгол Улсад 2014 онд хийсэн төрийн айлчлалын үр дүнд энэхүү сэтгүүлчдийн айлчлал хэрэгжиж буй тул өндөр ач холбогдол өгч байна гэж бас онцлов.
“Мянган удаа сонсохоор нэг удаа үз” гэсэн дорнын цэцэн үг бий...тиймээс сэтгүүлч та нар хятадын амьдралыг биечлэн сайн харж үзээрэй...гэж халуун дотнын үгээ хэлэв. Түүний хэлсэн үгийн хариуд манай багийн ахлагч " Хэвлэл мэдээллийн салбарын хувьд БНХАУ- ын СИНЬХУА, Монгол Улсын МОНЦАМЭ агентлаг хамгийн олон жил хамтран ажиллаж байна. Мөн Монгол, Хятадын радио ч олон жилийн хамтын ажиллагаатай. Өнгөрсөн жил эхний 50 сэтгүүлч айлчилсан. Тэднийг айлчлах үед Монголын нэг сэтгүүлч хүндээр өвдөхөд БНХАУ анхаарч өндөр үнэтэй эмчилгээг шуурхай хийж амь насыг аварсан сайхан үйлсэд баярлаж байдаг" гэж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн хэвлэлийн төлөөлөгч Ж. Батхишиг мөн онцлон хэллээ. Ийнхүү урд хөрш буюу дорно дахиныхны хэлдгээр “Алтан лууны улсад” зорчих цаг ойртсоор...Ази тив байтугай алаг дэлхийн тэргүүлэх гүрний нэг болсон НҮБ- ын албан ёсны нэршлээр БНХАУ буюу манайхны хэлдгээр "АЛТАН ЛУУ"- ны орноор аялахдаа юуг онцлон ажиглах вэ?
Мөнхийн хөршийнхөө " Мөрөөдлийн шат"-аар алхаж, хөгжлийнх нь бүтээн байгуулалтыг эхлээд сайн үзээдэхье! За тэгээд юу бодогдох нь вэ...? Зам зуурын олз ямар байх нь вэ...?
Эртнээс нааш Хүннү гүрний үеэс сэрвээдэж чадаагүй Алтан луу улам хүчирхэгжээд байгаа нь үнэн...!
Гэхдээ манай хоёр гүрний хооронд салж нийлсэн зам ч бий...салах аргагүй соёлын өв мөв ч бий...!
Дэлхий нийтээрээ мөрөөдлийн зам руу явж байгаа үед хажуу хөршийн мөрөөдөл бидэнд их сонин байх нь дамжиггүй!
Монголд нэг хэсэг залуусын дууриан дагаж байсан АНУ- ын сагсан бөмбөгийн багийнхны дэвшүүлсэн "Мөрөөдлийн баг"- ийн амжилтыг дорно дахины аварга луу өөр дээрээ турших гэж байна. ..Сайн харж ажиглаж авья!
Алтан хөршөөс сурах юм бидэнд бий...гэдгийг аль ч цаг үед бодох л учиртай...!
За ямар ч байсан маргаашийн их үдэд " Сайн байна уу...Бээжин...!" гээд л буучихья!
/2016.05.30. 15-17 цаг...Монгол Улс дахь БНХАУ- ын ЭСЯ...наа.../
ХОЁР УЛСЫН НЭГ ТЭНГЭРЭЭР ЗОРЧИХУЙ...хэмээх таталбар
5 дугаар сарын 31-ний өдрийн Морин цаг буюу их үдийн үес бид Монгол Улсын Буянт Ухаа дахь Олон улсын ЧИНГИС ХААН нисэх онгоцны буудлаас “АЭР ЧАЙНА” -агаарын цагаан хөлөгт суулаа. Онгоц ч төдөлгүй хөөрч дөрвөн уулыг маань нар зөв тойроод өндрөө авч, цэлмэг тэнгэрийн хурган цагаан үүлэн дундуур зүсэн шунгинав.Цонхоор өнгийхүй монгол нутгийн өмнөд тал хээр борлонгуй, ядрангуй харагдана. Хаврын ногоорох өнгө үүгээр түүгээр ер үзэгдсэнгүй...Харин өмнөшөө урагшлах тусам ганц нэг уул уурхайн оорхой харлаж, эзэнгүй хээр тал дүнсийнэ. Тэгтэл ч удалгүй монгол нутаг маань шувтарч хурган үүл хоцорч, нэлэнхүй саарал үүл рүү шунган орлоо.
Хятад үйлчлэгч бүсгүйчүүл тонголзон угтаж, ёсорхон үйлчилж, суудлын хавчуурганд хятад сэтгүүл тэргүүтэн үзэгдэхүй яах аргагүй бид БНХАУ-д нэвтэрсэн болох нь мэдрэгдэнэ. Монголын агаарын хилийг давчихсан тул аргагүй. Үүлийн дээр нэгэнт гарсан тул доорх газар үл үзэгдэнэ. Үүл өтгөрсөөр борооны гэлтэй дуслууд цонхноо бутарна. Шальтай ч биш. Хятад үйлчлэгч нар үнэр таатай хоол, амтат ундаа, шар айраг, дарс тэргүүтнээр зочин-зорчигч биднийг дайлна. Хятад нутгийн хил давсан нь ч тодорхой...Өндрөө авсан онгоц зөөлөн тонгойхуй үүлэн сиймхийгээр ногоовтор уул, мод, усан сан бүхий орчин тодров. Бээжин дөхжээ. Хоёр цаг хүрэхгүй хоромд л буух нь ээ. Урьд цагийн хөгшдийн яриагаар бол тэмээн жингээр Бээжин хүрэхэд хоёр гурван сарын турш түүчээлэн явсаар очдог байсан гэдэгсэн. Тиймээс ч “Би явж байна. Бээжин сууж байна” гэсэн хэллэг ч гараа биз. Ямартаа ч өнөөдөр бол хоёр улсын хил дававч нэг л тэнгэрээр ийнхүү аялаад тэмээгээр ирж буцахын 200 шахам хонодог алс газрыг хоёр цаг хүрэхгүй хугацаанд дөтлөн буудаг болж дээ. Эрин цагийн хурд гэж энэ. 14 цаг хагасын хэрд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын олон улсын нисэх буудалд газардлаа. Том улсын буудал ч том...Аливаа улсын хөгжлийн өнгийг нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал хоёр л тодорхойлдог нь үнэн. Онгоц маань буучихаад нэлээд тойруу замаар гүйсээр өөрийн зогсоолдоо ирэв. Зам зуур “ХАЙНАНЬ ЧАЙНА”, “АМЕГО ЧАЙНА” гэсэн том бичигтэй зогсоолууд харагдана. “ХАЙНАНЬ ЧАЙНА” зогсоол хөл ихтэй. Хятадын жуулчны том бүс ХАЙНАНЬ руу зорчих хүн олон бололтой, нэгэн онгоц хөөрч байхад нөгөө онгоц бууж, бас нэгэн онгоцонд зорчигчид сууж байх юм.
Бээжин хотод бүрхэгдүү, шивэр авир бороон дусалтай. Биднийг цагаан туг барьсан хятад талын нөхөд хүлээн авч, ачаа барааг цэгцэлж, тэрхэн зуур бид ч БНХАУ-ын агаарын хилийг давж, тус улсад нэвтрэх эрхийн “штамп”-аа даруулав.
Буудлаас гарахуй өчигдөрхөн дэвтэртээ “Алтан лууны улс” гэж бичсэнийг батлах мэт “Лууны зулзага” шиг хоёр дүнжгэр автобус тосон авч, хотын зүг хөдлөв.
Автобусанд суухуй л бидэн хөгжилтэй яриагаар аянаа эхэлсэн юм. Хөтөч, хэлмэрч Д. Сэцэнбаатар гэгч эр “ Эрхэм нөхөд минь бид одоо 72 цаг яваад БНХАУ-ын ШУА-ын Эко хүрээлэн рүү очноо...” гэсэн нь онигооны эх болох дөхлөө. Юун “72 цаг вэ?” ...”Өө уучлаарай, 72 минут гэх гээд” гэж мань эр ч алдаагаа залруулав. Мань эрийг цаашлуулан “ За хөө, нэг үгийн алдааг 10 юаниар төлөөрэй...” хэмээн хошигносноос хойш үгээ их л цэнэж байх шиг..
Бээжин хотын ногоон зүлэг, мод, цэмцгэр цэцэрлэгт хүрээлэн дундуур давхихуй мөнөөх “Ногоон хөгжил” нь гудамж, талбайгаасаа л угтах мэт.
...ЮМ БАЙХ ШИГ...буюу ЭКО СУДАЛГАА-ТООЦОО хэмээх судалбар
Бид онгоцны буудлаас шууд айлчлалынхаа ажил хэрэгч байдал руу орчихлоо. Хөтөлбөрийг нь үзвэл, БНХАУ-ын ШУА-ын Эко судалгааны хүрээлэнтэй танилцах. 1975 онд байгуулагдсан 10 гаруй барилга байгууламж бүхий тус хүрээлэн зөвхөн хятадаар зогсохгүй олон улсын хэмжээнд судалгаа шинжилгээ хийдэг, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 9 лабораторитой юм. Лабораторид 87 хүн өдөр тутам ажилладаг. Захирал нь хэсэг судлаач эрдэмтдийн хамт хүлээн авч, ажлаа танилцуулав.
“ Анх удаа ийм том сэтгүүлчдийн баг хүлээн авлаа. Манай хүрээлэн хятад улсын өнцөг булан бүрээс авчирсан мод, ургамал, ус, хөрс шорооны дээжийг шинжлэн судладаг. Сүүлийн жилүүдэд олон улсын тэр дундаа хөгжиж буй орнуудын эрдэмтэн судлаачдыг сургаж байна” гээд Монголоос ирсэн усны инженер О.Алтанхуяг, МУИС-ийн багш Х.Ганзориг нар гадаадын суралцагчдаас шилдэг нь болж суралцаж буйг онцлов.
Тус хүрээлэнд орон тооны 150 ажилтан, эрдэм судлагааны 300 гаруй хүн, гадаадын суралцагч магистраас доктор цолтой 1500 гаруй хүн судалгаа шинжилгээ хийж байна. Бидэнд цэвэр усны судалгаа хийдэг хоёр лабораторио үзүүлсэн. БНХАУ-д усны бохирдлоос сэргийлэх, усны цэвэр ундаргыг хамгаалах талаар их анхаарч байгааг тэд дурдсан. Хөгжиж буй орнуудын усны бохирдол ихэссэн нь эдний судалгааны гол обьект болжээ. Бангладеш, Непал, Вьетнам, Шриланка, Пакистан, Энэтхэг болон арабын зарим оронд хийсэн судлагаанаасаа ч танилцуулав.
Судлагааны үр дүнд бохир уснаас халдварт өвчин үүсдэг, дэлхийг түгшээж буй зарим шинэ өвчин ч бохирдлоос үүдэлтэй байж болзошгүйг эднийхэн судалж байна. Харин тэд ярианыхаа завсарт Монгол Улс бол усны нөөц багатай ч харьцангуй цэвэр устай орон хэмээсэн нь жаахан тайвшруулав.
Усны экологийг хамгаалах, хадгалах асуудал бол дэлхий нийт, хүн төрөлхтний тулгамдсан зүйл шүү дээ. Цэвэр усны нөөц улам хомсдож байгааг хэлэх үү? Олон улсын усны холбооны тогтоосноор 2030 онд л цэвэр усны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үздэг. Тэгвэл Хятад улс 2030 онд мөн л цэвэр усны асуудлаа шийдэхийн төлөө ажиллаж байгаагаа онцлов.
Яг энэ үес бид автобусанд бас нэг хөгжилдөөд авснаа санав. Хөтөч маань “Бээжингийн крантнаас ус ууж болохгүй шүү. Улаанбаатар шиг крантны ус уувал гэдэс дотор өвдөж болзошгүй” гэж анхааруулсан нь нэг талдаа “...та бид адилхан крантнаасаа ус уудаг муу аргатай. Тэгж болохгүй. Улаанбаатар ч муу устай, Бээжин ч муу устай...ер нь крантнаасаа ус уудаг соёл хоцрогдсон ...” гэх санааг бид мушгих гэж оролдсон ч, хаана ч явсан савлагаатай цэвэр ус хэрэглэхийн чухлыг л ойлгуулах гэсэн нь тэр. Тэгвэл усны судалгаа хийдэг лаборатори нь бохир усыг анддаггүй, цэвэр усыг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж чадсанаараа анхаарал татсан юм. Бүүр энд Бээжингийн иргэдийн хэрэглэж байгаа усны хоолойг оруулаад, тэрхүү хоолойноос усыг нь шууд шинжилдэг болжээ. Шилэн хананы цаана судлаачид ажлаа хийнэ. Бүрэн компьютержжээ. Хятадын олон газраас авчирсан ус янз бүр байх аж. Зарим усыг авчирсан даруйдаа шинжлэхгүй бол муудчихна. Зарим ус хэдэн сар ч чанараа алдахгүй байх жишээний. БНХАУ ийнхүү өөрийнхөө орны усны бохирдлоос гадна азийн бүс нутаг, дэлхийн хөгжиж буй орнуудын усны бохирдлыг арилгах, бууруулахын төлөө хамтран ажиллаж , гадна дотны туршлага хуримтлуулж байгаа аж.
Зөвхөн усаар тогтохгүй сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, хөрс, үйлдвэрийн бохирдол, хотын доторх авто машины утааны бохирдлыг ч багасгах талаар хөрөнгө мөнгө харамлахгүй зарцуулж байгааг эндээс мэдлээ.
Энэхүү Эко судлагааны хүрээлэнг хятадын удирдагчид ч шууд анхааралдаа авчээ. Саяхан бүх хятадын экологийн чуулган болоход Си дарга нь биеэр ирж оролцон, ажилд нь шаардлагатай бүхнээр хангана гэж мэдэгдсэнд эрдэмтэн судлаачид урам авснаа ч ярьж байлаа. Ийнхүү эхний аялал маань судалгаа-тооцоо хийдэг шинжлэх ухааны төвөөс эхэлсэн нь цаашдаа ажил хэргийн гогцоо улам л нарийсах шинжтэйг харуулав. Сэтгүүлч бид ч аялан зугаалагч биш ажил хэрэгч сурвалжлага хийх юм байна гэдгээ ч ойлгов. Ажил хэрэгч айлчлал... Энд нэг...ЮМ БАЙХ шиг байгаа биз...?
..ЮМ БАЙНА...? хэмээх таталбар
Дэлхий даяар " Хятадын зуун " гэж зүгээр хэлээгүй байна...2014 оны 9 дүгээр сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Жинпинь төрийн айлчлал хийх үеэрээ манай парламентын танхимд үг хэлэхдээ " Хятад орон мөрөөдлийн зам руу орж байгаа..."-гаа зүгээр ч мэдэгдээгүй байна...
Хоёр орны Тэргүүн зэрэгцэж зогсоод олон сайд нараараа гарын үсэг зуруулж стратегийн гэрээ хэлцлүүд хийхдээ нэгийг бодож нөгөөг тунгаасан байна...!
Си дарга монголын 250 сэтгүүлчийг урьсан нь учиртай ...утгатай юм байна!
Энд нэг ...ЮМ БАЙНА...?
БНХАУ-ын даргын урилгаар тус улсад зорчиж буй сэтгүүлчдийн айлчлал-аялал тодорхой чиглэл зорилготой юм байна...Ноднингийн 8 дугаар сарын дундуур эхлүүлсэн монголын сэтгүүлчдийн анхны баг Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл-сүүлчийн голомт болсон Хятадын чөлөөлөх дайны ялалтын ойн өмнөхөн дайны талбараар аялсан нь, домог болсон түүх дурсгалыг үзүүлсэн нь зүгээргүй юм байна...Тэнд бас нэг ...ЮМ БАЙНА...?
Тэгвэл энэ жилийн сэтгүүлчдийн хоёр дахь багийн аялалыг "Ногоон хөгжилд анхаарлаа хандуулья" сэдвээр БЭЭЖИН-ТЯНЬЖИН-ОРДОС-БУГАТ-ДАЛАД-ХӨХ-ХОТ-БЭЭЖИН гэх бүс-тойргийн шинэ бүтээн байгуулалтаа үзүүлсэн нь зүйтэй алхам байжээ гэдгийг ЮМ ҮЗЭЖ ирээд ойлголоо...Энэ бүхний ард нэг ...ЮМ БАЙНА...?
Дараагийн гурван ч багт үзүүлэх юмаа үлдээлгүй яах вэ?
Бидэнд алдарт Цагаан хэрэм...анхаарлын төвд байдаг Тэн Ань Миний талбайгаа үзүүлэхийг төвдсөнгүй нь араас ирэх нөхдөд ЮМ ҮЛДЭЭЖ байгаагийнх юм болов уу...? Юмыг эрэмбэтэй, дараалалтай, төлөвлөгөөтэй хийж сурсан эртний дорны ухааных юм уу?
5000 жилийн турш амьдралыг туулж, амьдрахын төлөө тэмцэж, туршилт бүхнийг хийхдээ алдаагаа засч сурсан хятад хүний ухаарлынх юм бол уу...?
Ингээд бодохоор бас л нэг...ЮМ БАЙНА...?
Хятадын "Ногоон хөгжил-Шинэ бүтээн байгуулалт" бол ганц улсын биш дэлхий нийтийн тулгамдсан, зөв сайхан замаар эхлүүлээд дуусгаж чадвал ТУЙЛЫН ЧУХАЛ, ИХ ИРЭЭДҮЙТЭЙ алхам болох...ЮМ БАЙНА!
БНХАУ энэхүү алхмаа ганцаараа биш хөрш орнуудтайгаа уялдуулах бодлого барьж байгаа...ЮМ БАЙНА! Манай гурван хөрш хөл нийлвэл эхлээд АЗИ-даа...алхам алхмаар ЕВРАЗИ-даа...цаашлаад ЕВРОПЫН ХОЛБОО...алслаад АФРИК...АВСТРАЛИ...АМЕРИК тивийн цөлжсөн нутгуудын тулгарсан асуудлыг шийдэхэд дөхөм...тэдэнд туршлага болохоор...ЮМ БАЙНА!
Дэлхийгээ урт наслуулахад хэрэгтэй ЮМ БАЙНА!
Бидний аялалын оргил хэсэг хятадын умард тэнгис гэгддэг Бөөхэйн тэнгисийн хуучин боомт дээр шинээр сэргээн босгож байгаа Тяньжин хэмээх хотоос эхлэх нь ч их учир холбоотой ЮМ БАЙНА...?
Эртний хааных нь "Умардын усан хаалга" хэмээн нэрлэгдсэн тэнгисийн булангийн эрэг хөвөөнөөс эхэлсэн аялал маань алхам алхмаар утга зангилаатай болсоор байлаа. Бээжинд нисэх буудлаас шууд авч давхиад хамгийн эхэнд оруулсан ЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН бол бидний тархинд багтахааргүй, тодорхой ойлголтгүй "Ногоон хөгжлийг" ухааруулах анхны алхам байжээ...Энэ хүрээлэнгээс судалгаа, шинжилгээ хийж, лабораторид хийж байгаа ногоон ургамал, ногоон хүлэмж, ногоон цогцолборыг босгоход хамтад нь шийдэх ЭРЧИМ ХҮЧ, УСНЫ БОХИРДОЛ, АЖ ҮЙЛДВЭР, АШИГТ МАЛТМАЛ, ГАЗАР ТАРИАЛАН, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХОГ ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ , УС ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР, ЦӨЛЖИЛТ...гээд уялдаатай бүхнийг шинжлэх ухаан практикаар холбон хослуулж хийж буйгаа танилцуулсан. Бидэнд бол нэлээд хол хөндий санагдахаар лаборатори, сургалт.. судалгаа, шинжилгээ...гэсэн хуурай үгс нь нэг их анхаарал татаагүй!
Гэвч энд нэг чухал ЮМ БАЙНА...гэдгийг орой нь Бээжингийн тохилог зочид буудалд амсхийхдээ хагас хугасхан ойлгосон...Энд чухам ямар чухал юм байсныг дараагийн аялалаасаа алхам алхам тутамдаа ямх ямхаар ойлгосноо тодорхой бүлэг болгон өгүүлэхийг хичээв. Тэгээд ч би тэмдэглэлээ ...ЮМ БАЙНА...? гэж зүгээр нэрлээгүйг ч та бүхэн ойлгох болно...
/2016.05.31...22:44 цаг дор...Тиан лүн сүн хээ буудлын 509 тоот өрөө.../
...БОДОХ ЮМ БИШ ҮҮ?... буюу БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ хэмээх судалбар
Бээжинд өглөөгүүр бас нэгэн төрийн төв байгууллага биднийг хүлээн авлаа. БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо байрлах байр нь төрийн хамгаалалттай, төрийн далбаагаа мандуулсан нь сүрлэг. Автобуснаас буугаад зураг татах гэхэд л болиулж байх нь төрийн хяналт чангынх буйз аа.
Нэрнээс нь эхлээд л нэг их тоо ярих бол уу гэж сүрдэв. Гэвч танхимд “Ногоон эдийн засаг” гэх үгс дагаад энгийн тайлбар дагалдлаа. Тус хорооны дарга Үй Вэн Бэнза “ БНХАУ-ын Эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог газар. Гэхдээ та бүхний сонирхож буй сэдвийг манай хороо чухалчлан үздэг юм. “Ногоон хөгжил” бол манай гол бодлого. Монгол бол эдийн засаг, хөгжлийн боломж ихтэй орон. Монгол улс энерги ч сайтай. Хятад улс Монгол Улсын энэхүү чадамжийн хөгжлийг ихэд сонирхдог. Ногоон хөгжил бол ганц хятадын бус дэлхий нийтийн гол асуудал болоод байна. Тиймээс манайх бол хятадын “Ногоон хөгжлийн төв цэг” гэж хэлж болно. Ногоон хөгжил, байгалийн хамгаалалтыг Хятадын төрийн бодлого болгон авч үзэж байгаа. Бид шинэ хөгжлийн гол бодлогодоо ногоон хөгжлийг, ногоон эдийн засгийг тусган ажиллаж байна. Ногоон хөгжлийг улсынхаа таван жилийн төлөвлөгөөнүүдэд тусган хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсээр ирлээ. Хүн байгалийн хөгжлийг ч хамтад нь хөгжүүлэхийг илүү анхаарсаар. Цагаан хэрэм бол БНХАУ-ыг төлөөлөх нэг билгэдэл боловч Хятадыг ногоон хэрэм болгон хөгжүүлэх нь илүү ач холбогдолтой болж байна. Та нарын очих бүх газруудад ногоон хөгжлийн дүр зураг тодорхой харагдах болно. Ногоон хөгжлийн төлөө ажлаа чанга бат атгах хэрэгтэй байна. Хуулиндаа Үйлдвэржүүлэлт, барилгажилтыг ногоон хөгжилтэй уялдуулах шаардлага гарлаа. Ногооноор хөгжих чиг хандлагыг БНХАУ-ын төрийн зүгээс тодорхойлж өгдөг. Ингээд улс, муж, аймаг хошуу, гацаа, хувь хүн хүртэлх бүх системд хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Ус, агаарын бохирдол бол ганц манай хятадын бус дэлхий дахины нэн тулгамдсан асуудал. Өнгөрсөн жил Си даргын дэвшүүлсэн бодлогыг хэрэгжүүлэх дэвшлээ бид алхам алхмаар хийж байна. Ногоон хөгжилд олон тэрбум юань зарцуулж байгаа. Агаар-ус-газар шороо-тариалан, хөдөө аж ахуй- үйлдвэржилт-барилга гэхчлэн тус тусад нь авч үзэлгүй уялдаа холбоог нь бодолцсон хууль гаргаад байна. 2030 онд үйлдвэржилтээс үүссэн агаарын бохирдлыг бүрэн арилгах зорилттой”” гэсэн албаны үгийнх нь дараа бид асуулт тавив.
-Ногоон хөгжлийн тухай ойлголтыг жирийн иргэддээ яаж хүргэдэг вэ? гэхэд,
-Сар бүрийн хоёр дахь долоо хоногт бүх нийтийн ухуулга сурталчилгаа хийдэг. Бүх сургууль, засаг захиргааны нэгж болон айл өрх, иргэн бүхэн гурав дахь долоо хоногт ногоон өдөр зохион байгуулдаг. Бүх улсын хэмжээнд 10 төрлийн ухуулгын ажил өрнүүлнэ. Эмэгтэйчүүдийн бүлгэмийг идэвхжүүлдэг. Мэдээллийн хэрэгслийг их ашиглаж байгаа. Мөн засаг захиргааны нэгж бүхэн цахилгаангүй нэг өдөр байж чадах уу гэхэд үгүй гэдэг шиг ногоон инерги ямар чухал билээ? гэдэг утгаар нь ойлгуулдаг юм.
-Хятад улсыг дугуйгүйгээр төсөөлшгүй. Гэтэл Бээжин хотын төвөөр дугуйтай хүн цөөн байх юм. Машин олширчээ. Тиймээс машинаа багасгаад дугуйгаа нэмж болдоггүй юм уу? гэсэн асуултад
-Бээжин хотын утааны бохирдлыг багасгахын тулд долоо хоногийн нэг өдрийг машингүй болгосноос гадна бусад өдрүүдэд дугаарын хязгаарлалттай. Айл өрх ,хүн бүр унадаг дугуй, түрдэг тэргээ хэрэглэсэн хэвээрээ байгаа. Амьдрал дээшлээд машин их ашиглах болсон. Тиймээс бид автобус нийтийн тээврээр дамжуулж экологийн үйлчилгээ нэввтрүүлэхийг хичээж байна. Хотын захад дугуйн зогсоолтой болгоод гэрээсээ дугуйгаар гараад автобусны зогсоолд орхин хотын төв рүү нийтйин тээврээр орж ирдэг. Би өөрөөрөө жишээлэхэд л өнөөдөр машины дугаарын хязгаарлалттай тул дугуйгаар гэрээсээ гараад зогсоолд орхичихоод нийтйин тээврээр ажилдаа ирлээ гэсэн хариу өглөө. Энэ бол сонирхолтой хариулт. Манайд машины дугаарын хязгаарлалттай болсон ч албан хаагчид, төрийн ажилтнууд ингэж нийтйин тээврээр явдаг бил үү?
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны ажилтан Үй Тэлиний ярьснаар 2014 оноос бүх улсын хэмжээнд экологийн соёл иргэншлийн дүрмийг хэрэгжүүлж эхэлжээ. Агаарын бохирдлыг багасгах “Агаарын 10 дүрэм”, “Усны 3 улаан шугам”, “Ой модны 4 улаан шугам”, “Газар шорооны 10 зүйл” ...гэхчлэн ярих нь мөнөөх төлөвлөгөө нь ч хууль, дүрэм нь ч хууль болдгийн нэгэн жишээ гэлтэй. Энэ бол бас нэг бодох... ЮМ БИШ ҮҮ?
...БОДМООР ЮМ БАЙНА...? буюу ХОТ ХООРОНДЫН ЗАМААС ТҮҮСЭН таталбар
...ДЭД БҮТЭЦ гэдэг чинь ЭНЭ ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ШУГАМ биш үү?
Бээжин бол хятадын голт зүрх биз ээ. Тус хотоос хэдэн ч удаа орж гарав даа? Тэр бүрий хотын зах нь хөглөрөх биш, харин ч хүнд үйлдвэрийн орчин, хүчит эрчим хүчний төмөр цамхгууд сүүхийж тал тал руу шугам шиг татсан ган утас жирийж, аварга чавхдаст хөгжим шиг харагдана. Ирииж жирийсэн шугам бүхэн дээр До, Ре, Ми, Фа, Соль, Ля, Си ...гээд ноотны долоон эгшгийг тэмдэглээд “Мөрөөдлийн” ч юмуу, “Хөгжлийн” ч юм уу симфони тогломоор санагдана.
Дэд бүтэц гэж үүнийг хэлэх юм биш үү? Дээгүүр татсан ган утас бүхий дэнхэр төмөр цамхгууд хурдны зам дагуу зурайсаар, заримдаа бидний замд тааралдах давхар давхар замын дээгүүр сүлжилдсээр 150 км зайтай шинэ хот Тяньжинь хүртэл сүүхийлцэн дагасан. Атомын бөмбөгтэй, сансрын хөлөгтэй их гүрний цахилгаанжсан их хүч эдгээр цахилгаанд шугаманд л байх шиг...?
Тэгээд ч дараа өгүүлэх шөнө нь өдөр шиг гэрэлтсэн цахилгаан хот Тяньжиний тэмдэглэлээс аварга өндөр хүчдлийн шугамын нэгээхэн салаа мөчрийн гайхамшгийг бид харсан билээ.
Бид алдарт “Мянганы зам”-аа зүгээр цулгуй хар замаар бөглөх бус дагуулаад өндөр хүчдлийн ган шугамаар холбож баймааж улс орноо Дэд бүтэцтэй болгох юм биш үү? Улаанбаатарын гэр хороолол ч гэлээ дэд бүтэцгүй, шинээр олгож буй газар маань гэрэлгүй байгааг юу гэх вэ?Дэд бүтэцтэй болгож баймааж дэлхийн хөгжил рүү алхмаар ч болтугай ойртох юм биш үү?
...ХУРДНЫ ЗАМ гэдэг чинь ИЖ БҮРЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ байх юм биш үү?
Бид Бээжингээс Тяньжин, / Тяньжинээс Ордос хот хүртэл онгоцоор ниссэн/ Ордосоос Бугат, Хөх хот хүртэл тун олон км газрыг “Лууны зулзага “ шиг хоёр дүнжгэр автобусаар төвөггүйхэн тууллаа. Ойрдоо 150 км, холдоо 300 гаруй км байв уу даа?
Тэдгээр зам хурдных. Хурдны зам гагцхүү хурдлан давхиж цаг хожихын нэр биш байна. Хурдлавч, замдаа амсхийн зогсох зогсоолоор бүрэн хангажээ. Түүнийгээ хөтөч маань “Амран зугаацах газар” гэж танилцуулсан. Эхлээд амраад л, зугаацаад л...гэх шүү юм бодсон чинь ердөө л бие засаад, хөнгөхөөн хүнсний зүйлээр үйлчлүүлэх төв юм байна. Манайхаар бол тээврийн товчоо, замд тааралдах хоолон гэр, гуанз сэлт шиг юм уу даа?
Гэтэл уг төвүүд нэн тохилог. Боловсон жорлон, боодлоороо савласан хүнсний бүтээгдэхүүн хоёр л байх юм. Аян замд явж байхад яг л хэн хүний физиологийн онцлогоор бие засмаар болохуйд хэмжээний зайг тооцоолон төвүүдийг барьж босгожээ. Замдаа идэж уугаад, амсхийн зогсохдоо биеэ суллаж, гэдсээ амраачих зориулалт нь үнэхээр л хүнээ хайрлаж, үйлчлүүлэгч иргэнээ бодож хийжээ.
Бас хурдны замын чанар, тэмдэг, тэмдэглэгээ, дохио, заалт... гэж яруухаан яруухан. 100 км-ээс давуулж давхих, 80-90 км тааруулж давхих, 60-70 км-д тохируулж явах замын эгнээг заасан тэмдэглэгээг нүдэнд алсаас харагдахаар тодхон том бичсэнээс гадна хэвтээгээр нь ч замын зураас шиг бичсэн байх юм. Эгнээг хүртэл ингээд нарийн заачихаар “тэнэг л биш “ бол мөргөлдөж шөргөлцөхийн аргагүй. Зам тасалж хаасан юмгүй, дээгүүр доогуурх нэмэлт зам, замын уулзвар, гарц, салааг замчид нь хийж л байх юм. Манайхан зам таслаад засвар хийж буй нэрээр хэдэн сар, бүтэн жил шороо манан бужигнуулаад, хөдөө замын салаалах, осол гаргах нь утгаа алддаг биш бил үү?
За тэр, замын тэмдэг, тэмдэглэгээ бол бүр өнгөрсөн хэрэг. Хэдэн км-т яваагаа ч мэдэхгүй. Дурын задгай газраа зогсоод хүүхнүүд нь дээлээ дэрвүүлээд гүйдэг хоцрогдлоосоо салахад хол замын тохилог төвүүд л туслахаар юм байна? Замын болон зам засварын компаниудад зогсоол, замд амсхийх ийм төвүүдийг хамтад нь шийддэг болгомоор юм байна?
Хөдөлгөөн болоод хөдөлмөрийн хуваарийг нарийн зохицуулж сурсан ийм арга ганц хятадад бус бусад томоохон орны хурдны зам дээр олонтоо таардагсан. Гагц манай бүтээн босгогчид л анзаардаггүй, анхаардаггүй юм бол уу?
Энэ нэг ЮМ ХЭЛЭЭД байгаа биз...?
/ Тяньжиний тэмдэглэлийг үргэлжлэлээс уншаарай/
Ж.Батсайхан
.