Дорноговьд 55 гэр салхинд нурж, 30 гаруй хүн төөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сарын 14-нд болсон хүчтэй шороон шуурганы улмаас Дорноговь аймгийн ихэнх суманд цахилгаан, үүрэн холбооны сүлжээ тасарч, малд явсан олон хүн төөрчээ.
Аймгийн хэмжээнд 55 гэр салхинд нурсан, 35 хүн, хоёр хүүхэд шуурганд төөрсөн гэх урьдчилсан мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Төөрсөн хүмүүсийн заримыг олсон бол заримыг нь эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж.
Яг одоо Даланжаргалан суманд төөрсөн гэх таван хүнийг эрэн хайж байна. Харин тус суманд нэг хүн нас барсан гэсэн мэдээлэл буй бөгөөд ямар шалтгаанаас болж нас барсныг холбогдох албаныхан шалгаж байгаа аж.
Одоогийн байдлаар Айраг, Алтанширээ Дэлгэрэх зэрэг цөөнгүй суманд цахилгаан тасарсан байдалтай байгаа бол үүнийг засварлахаар БНЗӨБЦТС ТӨХК-ийн “Дорноговь Цахилгаан түгээх сүлжээ” компанийн ажилтнууд сумдад ажиллаж буй.
Аймгийн МХГ, ГХБХБГ, ОБГ бусад холбогдох байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулж, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна хэмээн эх сурвалж мэдээлэв.