Отрын малчдыг дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд нутгаасаа гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-03-09 11:30:00

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн нутагт өвөлжиж,хаваржиж байгаа гадны аймгийн малчдыг дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд орон нутгаасаа гаргах талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн өвөл Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Хатанбулаг, Эрдэнэ, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах, Мандах, Хөвсгөл суманд  Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Булган, Дорнод  аймгийн 435 өрхийн 280,6 мянган толгой мал өвөлжиж, хавартай золгоод байна.

Тус аймгийн өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 50 орчим хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 50 гаруй хувьд 1-5 дахин хэтэрсэн аж.

Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сард хуралдсан аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар сум дундын отрын бүс нутаг болгох боломжтой 108.9 мянган га талбайг отрын хэрэгцээнд ашиглахаар баталсан юм.

Отрын бүс нутагт Дэлгэрэх, Өргөн сумын зааг болон Хөвсгөл Мандах сумын нутгийн зарим хэсгийг хамруулсан байна.

Related news