Ч.Сайханбилэг: АСЕМ нь гурван тулгуурт албан бус яриа хэлэлцээний талбар байх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй Ази Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын өнөөдрийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэллээ.
Тэрбээр үгийнхээ эхэнд АСЕМ-ын 11 дүгээр уулзалтыг Монгол Улс ирэх сард зохион байгуулах болсон нь ихээхэн хүндэтгэл, бахархал болж буйг онцлоод зохион байгуулагч орны хувьд дээд хэмжээний уулзалтыг дагалдсан хэд хэдэн хурлыг хийгээд байна. Мөн Сангийн сайд нарын уулзалтын дараа болох хурлуудыг зохион байгуулах ба ингэснээр АСЕМ-ын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр цааш хэлэхдээ, "Энэ удаагийн уулзалт нь Ази Европын уялдаа холбоог бэхжүүлэх, АСЕМ-ын үйл хэргийг Ази, Европын ард иргэдийн хүсэлд нийцүүлэхийн тулд АСЕМ-ын ирээдүйд хийх бодитой ажлуудыг тодорхойлоход хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АСЕМ нь ач холбогдол болон уян хатан чанараа алдаагүй. Уг яриа хэлэлцээнд 20 гаруй түншээс өнөөдөр 53-уулаа болж өргөжин тэлсэн ба цаашид элсэх хүсэлтэй орнууд байсаар байгаа нь АСЕМ-ын ач холбогдлын томоохон гэрч гэж үзэж байна. АСЕМ-ын хүчин чармайлтын үр дүнд Ази, Европын уян холбоо 20 жилийн өмнөөс хавьгүй өндөр түвшинд хүрлээ” гэв.
Засгийн газрын тэргүүн энэхүү уулзалтыг “Энэ удаагийн уулзалт ““Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн эдийн засаг, санхүүгийн орчин дахь одоогийн хөгжил, нөхцөл байдал нь Ази, Европт ямар нөлөө үзүүлж байгаа болон олон улсын болон бүс нутгийн санхүүгийн байгууллагуудын үүрэг оролцоог дүгнэн авч хэлэлцэх хэрэгтэй” хэмээн тодорхойлсоны зэрэгцээ “Ази Европын хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх үйлсэд Монгол Улс хувь нэмрээ оруулсаар ирсэн. АСЕМ нь улс төр, эдийн засаг, нийгэм-соёл гэсэн үндсэн 3 тулгуур дээр суурилсан албан бус яриа хэлцээний талбар хэвээр байх ёстой гэж Монгол Улс үзэж байна. Тиймээс АСЕМ-ын эдийн засгийн тулгуурыг эрчимжүүлэх, ялангуяа АСЕМ-ын Эдийн засгийн сайд нарын уулзалтыг дахин зохион байгуулах ажлыг дэмжиж байна. Ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү нь Ази Европын салшгүй хэсэг байх ёстой. Залуучуудад зориулан илүү олон ажлын байр бий болгох, ажил эрхлэлтийг дэмжих, хоёр бүс нутгийн худалдааг нэмэгдүүлэх зэрэг арга замыг эрэлхийлэх нь эдийн засгийн тэргүүлэх чиглэл байх ёстой” гэлээ.
Түүнчлэн тэрбээр үгийнхээ төгсгөлд ирэх сард манай улсад болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнөх энэхүү хурал нь үр дүнтэй болж өнгөрнө гэдэгт итгэл төгс байгаагаа дурдав.
Б.Туул
Related news

