Вакцинжуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-02-21 20:53:54

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт “Ковид-19”цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг дархлаажуулах ажлыг зохион байгуулах ажлын баг байгуулжээ.

Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Мартаар ахлуулсан Ажлын баг хуралдаж, коронавирусний халдварын эсрэг вакциныг шуурхай түгээх, дархлаажуулах талаар хэлэлцэж ажлын төлөвлөгөө баталсан байна.

Мөн сумдын Засаг даргаар ахлуулсан ажлын багуудтай цахимаар холбогдож вакцины тухай мэдээлэл хийгээд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагаа, орон нутагт бэлтгэл байдлыг хангах талаар санал солилцож, сургалт, мэдээлэл өгсөн аж.

Эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, коронавируст халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа албан хаагчид хамрагдах бөгөөд 50-иас дээш насны иргэд, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилчид хамрагдах аж.

Related news