Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгт хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-10 14:09:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгт хүрээд буйг Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албанаас мэдээлэв. 

Монголын үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч ТОП-20-ийн индекс 22 мянган нэгжид хүрч өмнөх 7 хоногоос 3.1 хувиар өсжээ. Энэ нь 2017 оноос хойших хамгийн их үзүүлэлт болж байна. ТОП-20-ийн индекс тухайн үед буюу 2017 оны 12 дугаар сард 24520 нэгжид хүрсэн нь түүхэн дээд хэмжээнд тооцогдож ирсэн юм. 

Өнгөрсөн 7 хоногийн арилжааны үзүүлэлтийг танилцуулбал, "Ард кредит ББСБ"-ын 7.4 сая ширхэг хувьцааг арилжиж хувьцааны тоогоор тэргүүлж байна. Харин "Ард санхүүгийн нэгдэл" ХК 4.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж, үнийн дүнгээр тэргүүлжээ. 

60 ХК-ийн хувьцаа арилжаанд орж, 24 ширхэг сая үнэт цаасыг 6.9 тэрбум төгрөгөөр арилжаад байна. 

"ЛэндМН ББСБ"-аас 17 хувийн хүүтэй гаргасан "Лэнд" бондыг 3180 ширхгийг 318 сая төгрөгөөр арилжаад буй талаар Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн Ц.Нямдорж мэдээллээ. 


Related news