Австрали дахь ЭСЯ Мельбурнд консулын үйлчилгээ үзүүлэхээ мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-01-25 18:45:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-наас энэ оны 1 дүгээр сарын 30-нд Мельбурн хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлэх талаар мэдээлжээ. ЭСЯ коронавирусний нөхцөл байдлын үед Австралид сурч, ажиллан амьдарч буй монгол иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс ийнхүү ажиллаж байна. Консулын үйлчилгээнд:

  • Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
  • Нотариатын үйлчилгээ,
  • Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/,
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Гадаад паспорт захиалга, 
  • Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг орж байгаа аж.

Дээрх үйлчилгээг авахын тулд иргэд бүрдүүлэх материалын жагсаалт, анкетыг ЭСЯ-ны цахим хуудаснаас авч шаардлагатай материалыг бүрдүүлж, зохих анкетыг бөглөх аж. Консулын үйлчилгээг үзүүлэхдээ Викториа мужийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж ажиллах учраас иргэдийг аль болох бөөнөөр цуглуулахгүй, тодорхой цагт хуваарилах тул үйлчилгээ авах иргэд авах үйлчилгээнийхээ талаар consul@mongolianembassy.org.au хаягаар 1 дүгээр сарын 28-наас өмнө ирүүлэхийг мэдэгджээ.

Мөн Шинэ Өмнөд Уэльс мужид ажиллах зөвшөөрөл гармагц ойрын үед Сидней хотод мөн үйлчилгээ үзүүлэхээ мэдэгджээ. 


Related news