Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бараалхав
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри бараалхав.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри нь Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керриг Монголд тавтай морилохыг хүсээд түүний энэхүү айлчлал нь хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри Монгол оронд айлчлан ирж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглээд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө гаргасан монголчуудын амжилтад баяр хүргэв. Мөн дэлхийн энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ оруулан, дэлхийн иргэд байж, ардчиллын талаарх мэдлэг туршлагаа бусад улс орнуудтай хуваалцаж байдаг Монголын ард түмэнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон АНУ-ын нийт иргэдийн өмнөөс талархлаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ АНУ нь Монголын ардчилсан шинэчлэлтийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархаж байдгаа мэдэгдэв. Мөн тэрбээр хэлэхдээ АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд цаашид ч энэ харилцаагаа улам бүр эрчимжүүлэхийн төлөө ажиллахаа дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ ирэх 2017 онд АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох ба энэ үеэр хоёр улсын хооронд олон чухал арга хэмжээ зохион байгуулагдах тухай мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрригийн Монголд амжилттай айлчлахыг ерөөгөөд, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.