“Бизнесийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал захирамж гаргаж 2021 оныг “БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлалаа.
“Ковид-19” цар тахлын үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож ашиг орлого нь буурсан байгаа энэ үед зах зээлийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах зорилт тавьсан байна.
Тухайлбал орон нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудад орон нутгийн бизнес эрхлэгчдийг оролцуулах, бизнес хөгжлийн чиглэлээр сургалт сурталчилгаа, чадавхжуулах сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн Монголын Худалдаа Аж
үйлдвэрийн танхимын Дорноговь аймгийн салбартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, аж
ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хөрш орнууд болон Улаанбаатар хотын
бизнес эрхлэгчидтэй холбох, хамтран ажиллах боломжийг буй болгох юм.