Хөл хорионд байсан иргэдийг татан авах ажиллагаа үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Аймгийн Онцгой комиссоос Улаанбаатарт хөл хорионд байсан иргэдийг татан авах ажиллагаа үргэлжилж байна.
Энэ оны 12 дугаар сарын 10-наас 12-ны хооронд шөнийн 22.00 цагаас-03.00 цагийн хооронд зорчигч тээврийн автобусаар ирсэн иргэдийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авч ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, сум, сумаас ирсэн тээврийн хэрэгсэлд суулгаж шууд зорчуулсан юм.
Сайншандын иргэдийг тус сумын Онцгой комисс, Шуурхай штаб, багийн ажлын алба, бусад мэргэжлийн ангиудтай хамтран гэрт нь хүргэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан байна.
Нийслэл болон бусад аймаг, хотоос ирж буй иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтад байх бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан, гадуур гарахгүй, гараа тогтмол ариутгаж, маскаа зүүж өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн салбар, сум, багийн ажлын албаны холбогдох хүмүүс тогтмол хяналт тавин ажиллаж байгаа гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.