"АЙ ТИ ЭМ" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-03 13:22:59

Дорноговь /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран 21 дэх жилдээ зохион байгуулсан “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Дорноговь аймгийн аялал жуулчлалын салбарын холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

Дорноговийн оролцогчид өөрийн аймгийн танилцуулга, компани аж ахуйн танилцуулга, нэрийн хуудас  солилцсон байна. Энэ жил дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” халдварт өвчнөөс шалтгаалж гадаадын аялал жуулчлалын компаниудын төлөөлөл оролцоогүй учраас  энэ чиглэлээр өмнөх шигээ  хамтын ажиллагааны гэрээ  байгуулаагүй аж.

Харин  компаниуд жуулчин хүлээн авах, тээвэр,соёл зэрэг  өргөн хүрээний үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд 21 аймгийг төлөөлөн Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г. Эрдэнэцэцэг мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн байна.

Тэрээр Дорноговь аймгийн эдийн засгийн хөшүүрэг, хөгжлийн тэргүүлэх гурван үндсэн чиглэлд аялал жуулчлалын салбар багтдаг бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг энэ онд батлуулан найман жилийн хэтийн бодлогоо тодорхойлсон.

Цаашид аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж жилийн дөрвөн улиралд жуулчдыг татах боломж бүрдүүлэх хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энергийн төв Хамарын хийд, Бүрдэнэ булгийн элсний сувилал, Хамарын хийдийн Энергийн элсэн сувилал, Халзан уул рашаан сувилалд биеэ анагаах, Их нартын байгалийн нөөц газарт жигүүртэн шувууд, ховор ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж харах тусгай сонирхлын жуулчин хүлээн авах арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулж ажиллах талаар мэдэгдсэн байна.

Дорноговь аймагт жилдээ 120 гаруй гадаад дотоодын жуулчин зочилдог бөгөөд тэдгээрийн ихэнх нь Хамарын хийд, Энергийн төв, Ханбаянзүрх хайрханыг зорьсон жуулчид байдаг аж. 

Related news