Анагаах ухааны сургуулийн шинэ оюутнууд тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-08 10:13:17

Дорноговь /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуульд 2020-2021 оны хичээлийн шинэ  жилд элсэн орсон шинэ оюутнууд тангараг өргөлөө.

Энэ жил тус сургуульд шинээр нэгдүгээр дамжаанд нийт 239 oюутан элсэн оржээ. Анагаах Ухааны сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын боловсрол олгох чиглэлээр нүүр ам судлал, уламжлалт анагаах ухаан, эм зүй, нийгмийн эрүүл мэнд, био-анагаах ухаан, хүний их эмч, хөдөлгөөн засал, нийгмийн ажил /эрүүл мэндийн/, сувилахуй, эх барихуй, харин дипломын боловсрол олгох чиглэлээр сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч, уламжлалт анагаахын сувилагч мэргэжлээр элсэлт авсан байна.

Харин мэргэжлийн боловсрол олгох сургалтын чиглэлээр туслах сувилагч анагаах, сувилахуй, сувилагч, эм найруулагч,лабораторийн техникч мэргэжлээр элсэлт авсан аж.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр сувилахуйн ангийн сургалтын төлбөрийг төрөөс  дааж байгаа нь эрүүл мэндийн салбарын эмнэлгийн ажилтан бэлтгэх үйлсэд чухал үүрэгтэй шийдвэр байлаа. Манай сургууль орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар оюутны байрны их зсаварын ажил хийсэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд байгаа амралтын  сувиллын газраа өргөжүүлсэн амжилтаар шинэ хичээлийн жилээ угтлаа.

Манай сургууль орон нутгийн их, дээд сургуулиудын хүрээнд хамгийн олон докторын зэрэгтэй багш нартай. Өмнөх жилүүдэд шинэ спорт заал, шинэ номын сан ашиглалтад оруулж багш, оюутнуудын ажиллах, сурч боловрох орчныг ханган ажиллаж байна гэж АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Цабшир өгүүлэв. 

Related news