Зургаан компанид ажлаа шуурхайлах үүрэг даалгавар өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Дэд бүтцийн зөвлөлийн ээлжит хурлаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Тус хурлаар ажил нь удаашралтай байгаа зургаан компанийн удирдлагуудыг байлцуулан ажлаа шуурхай гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөх шаардлага хүргэсэн юм.
Тодруулбал, Бэрх
тосгоны сургуулийн барилгын их засвар, Хөл бөмбөгийн талбай бүхий спорт
цогцолборын ажил, Норовлин сумын Эрүүл мэндийн төв, Хэрлэн сумын зургадугаар
багийн Халуун усны барилга, Мөрөн сумын ЕБС-ийн
засварын ажлыг гүйцэтгэгч компаниудад ажлаа хугацаандаа дуусгахыг шаардлаа.
Хэрвээ товлосон хугацаанд ажлын зургийн дагуу чанартай гүйцэтгэхгүй бол аймгийн Засаг даргын зүгээс дараагийн арга хэмжээ авч, “Саарал жагсаалтад” оруулах тухай мэдэгдэв. Саарал жагсаалтад орсноор тухайн компани үйл ажиллагаагаа гурван жил явуулах боломжгүй болно гэсэн үг аж.
Мөн хурлаар барилгын
магадлашгүй ажлын зардлыг гүйцэтгэгч компани өөрсдийн шийдвэрээр зарцуулахаас
сэргийлж, захиалагчийн хяналтын үүргийг хэрэгжүүлэгч Газрын харилцаа, барилга,
хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, зургийн зохиогч гэсэн талууд
протоколоор баталгаажуулан гаргах шийдвэрт хүрлээ.
Үүнчлэн Баян-Овоо
сумын Соёлын төвийн засварын ажилд нэмэлт засварын ажил гарсан тул Сангийн яам
руу нэмэлт санхүүжилт хүсэх хүсэлт хүргүүлэх шийдвэр гарчээ. Мөн Хэрлэн
сумын хоёрдугаар цэцэрлэгийн дээврийн хүчитгэлийн асуудлаар зургийн зохиогч руу
мэдэгдэл хүргүүлэх, Банкны байрны дахин төлөвлөлтийн ажлыг хэсэгчилсэн байдлаар
үргэлжлүүлэх, Дэд бүтцийн зөвлөлийн өмнөх хурлын шийдвэрт хяналт тавих,
Хэнтий-Ус ХХК-ийн ажлын гүйцэтгэл 19 сая төгрөгийн өрийн асуудлаар “Хөвсгөл
геологи” ХХК руу албан бичиг хүргүүлэх ажил төлөвлөгдөв.
Дэд бүтцийн зөвлөл
өнгөрсөн долоо хоногт таван компанийг ирүүлэн шаардлага хүргэсэн бол, ирэх
долоо хоногт мөн 5 компанийн төлөөллүүдийг дуудаж уулзана гэдгийг албаны эх
сурвалж мэдээллээ.
2020 оны улс, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй бүтээн байгуулалтад аймгийн Засаг даргын зүгээс хатуу хяналт тавьж, ажил нь удаашралтай байгаа компаниудад ийнхүү хатуу анхааруулж, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь хүлээн авахаар ажиллаж байна.

