Аймгийн удирдлагууд ахмадуудтай уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Б.Энх-Эрдэнэ нар өнөөдөр аймгийн ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцаж, ахмадуудтай уулзлаа.
Ахмадын хорооны дарга Ч.Адъяа "Та бүхэн одоогоос хоёр жилийн өмнө ахмадуудаа ордонтой болгосон. Ахмадын хороо байгуулагдаад 30 жил болоход бид өөрийн гэсэн байргүй, үйл ажиллагаагаа явуулах боломж хомс байсан бол, ордонтой болсноор олон талт үйл ажиллагаа зохион байгуулж, Хэнтий аймгийн ахмадуудын оролцоо улсдаа тэргүүнд эрэмбэлэгдэх болсон. Мөн улсынхаа хэмжээнд өөрийн гэсэн ордонтой гурван аймгийн нэг болсон" хэмээж талархал илэрхийллээ. Ахмадын хороонд “Нандин” өв соёл, чөлөөт танхим, чийрэгжүүлэлтийн танхим, номын сан, караоке, бүжгийн танхим тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна.
Аймгийн Засаг дарга ахмадуудад өвөлжилтийн бэлтгэл, 2020, 2021 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, төрийн албаны сахилга хариуцлага, "Ковид-19" цар тахлын бэлэн байдал, зохион байгуулалтад анхааран ажиллаж буйгаа дуулгаж, ахмадууддаа амны хаалт зүүж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Мөн үеэр аймаг, сумын Засаг дарга нар Хэрлэн сумын ахмадын хороонд өндөр хүчин чадалтай суурин компьютер, өнгөт принтерийн хамт гардуулан өглөө. Ингэснээр ахмадын урамшуулал, ахмадын хорооны үйл ажиллагааны зардал, амралт сувиллын эрхийн бичгийг ахмадын хорооны өөрсдийн зохицуулалтад шилжүүлэх зэрэг та бүхний хүссэн дөрвөн асуудлыг шийдвэрлэлээ гэж аймгийн Засаг дарга цохон тэмдэглэв.
Уулзалтын үеэр ахмадын хорооноос дэргэдээ автомашинтай болох хүсэлт уламжилахад аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аливаа үйл ажиллагаанд оролцоход ахмадуудад унааны асуудал хүндрэлтэй байдаг, унаатай явлаа ч гэсэн хамт олноороо явах боломж төдийлөн бүрддэггүй. Тиймээс нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө залуу наснаасаа зүтгэж ирсэн ахмадуудаа автобустай болгоно гэлээ. Улмаар суудлын тоо, туулах чадварыг судалж, ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэхээ илэрхийлэв.
Харин Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Б.Энх-Эрдэнэ "Хэдий коронавирусний цар тахлын үе ч гэлээ энэ намар ахмадын баяраа алгасч өнгөрөөхгүй. Өнөөдөр бидний үйл ажиллагаанд та бүхний туршлага, зөвлөгөө үнэ цэнтэй..." хэмээгээд, ахмадуудаа бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, Хотын захирагчийн үүд та бүхэнд үргэлж нээлттэй байна гэв.
