НИТХ-ын сонгуульд 238 нэр дэвшигчийг бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-18 12:01:22

НИТХ-ын сонгуульд 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэсэн талаар өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хороо (НСХ)-ны дарга Ё.Гэрэлчулуун мэдээлэв.

Сонгуулийн тухай хуулийн дагуу НИТХ-ын сонгуульд намаас нэр дэвшигчид энэ сарын 12-нд, бие даагчид 14-нд багтаан материалаа ирүүлжээ. НСХ энэ сарын 17-нд хуралдаж, нэр дэвшигчийн материалыг судлан, 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргажээ.

Тухайлбал, МАН-аас нэр дэвшсэн 45, АН-аас 45, МАХН-аас 45, БНН-аас 21, МУНН-ын 3 нэр дэвшичгийг бүртгэсэн байна. Мөн Иргэний хөдөлгөөны намаас нэр дэвсэн 44 хүнээс 41-ийг, Хөгжлийн хөтөлбөрийн намаас нэр дэвшсэн 6 хүнээс 5-ыг, ХҮН-аас нэр дэвшсэн 29 нэр дэвшигчээс 25-ыг, Монгол Консерватив намаас нэр дэвшсэн 10 хүнээс 8-ыг нь бүртгэв. Бусад нь Сонгуулийн тухай хуульд заасан бичиг баримтын бүрдэл дутуу, цэргийн алба хаасан тухай материалыг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг зөрчилтэй байсан тул бүртгэхээс татгалзжээ. 

Мөн НИТХ-д сонгуульд оролцохоор бүртгүүлсэн МСДН, ИЗНН болон Эх орончдын нэгдсэн эвсэл (ЭОНЭ), Тусгаар тогтнол, эв нэгдэл (ТТЭН) эвслийн нэр дэвшигчдийг түдгэлзүүлжээ. Учир нь МСДН Сонгуулийн тухай хуулийн 14.1, 153.1,153.2-т заасан “НИТХ-ын сонгуульд зөвхөн нийслэлд салбартай нам нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалтыг хангаагүй байна. Харин ИЗНН-ын нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуульд заасан шаардагдах баримт, материалын бүрдэл дутуу байжээ. Сонгуулийн тухай хуулийн 2 дугаар бүлэгт "Намууд эвсэл байгуулж УИХ, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй" гэж заажээ. Үүнд эвслүүд ИТХ-ын сонгуульд оролцох заалт байхгүй тул ЭОНЭ, ТТЭН эвслийг бүртгэхээс татгалзсан хэмээн Ё.Гэрэлчулуун дарга хэллээ.

Тэрбээр, НИТХ-ын сонгуульд оролцохоор 19 бие даагч материал ирүүлсэн. Сонгуулийн Тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7, 157.8-д  заасны  дагуу дүүргийн сонгуулийн хороодоор гарын үсэг зурсан сонгогчдын 10-аас доошгүй хувийг нягтлан шалгахад бүх нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсэг алдаатай байсан. Тиймээс нийт бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан” хэмээв.

Хэвлэлийн хурлын үеэр Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, “Хуульд хориглоогүй бол зөвшөөрснөөр тооцох зарчим бий. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд эвсэл ИТХ-д оролцож болохгүй гэсэн заалт байхгүй тул үүнийг зөвшөөрснөөр тооцох ёстой. Энэ асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлэх боломж бий юу. Түүнчлэн бие даан нэр дэвшигчид 501 хүний гарын үсэг цуглуулах ёстой. Зарим иргэн гарын үсэг зурахдаа регистрийн дугаар, гэрийн хаяг зэргийг буруу бичих тохиолдол байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ” хэмээн тодрууллаа.

НСХ-ын дарга Ё.Гэрэлчулуун, “НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд ирэх сарын 07-нд батламж гардуулна. Үүнээс өмнө эвсэл болон бие даан нэр дэвшигч шүүхэд хандах бүрэн боломжтой” хэмээн хариулав.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news