Өмнөд хөршөөс эх орондоо ирэх хүсэлт гаргасан 107 иргэнийг татан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-08-19 12:18:37

Дорноговь /МОНЦАМЭ/.Улсын Онцгой комиссын 2020 оны 25, 27 дугаар хурлын шийдвэрүүдийн дагуу Дорноговь аймгийн Онцгой комисс болон бусад холбогдох албаныхан өмнөд хөршөөс эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг Замын-Үүд боомтоор энэ оны наймдугаар сарын 18-нд татан авлаа.

Тогтоосон журмын дагуу 21 хоногийн хугацаанд Замын-Үүд, Сайншанд сумын  ажиглалтын байранд нийт 107 хүнийг тусгаарлан ажиглалтад авах ажлыг зохион байгуулсан юм.

Монгол Улсын Шадар сайд, МХЕГ-ын даргын холбогдох тушаалын дагуу мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Тусгаарлах байранд алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд улсын Онцгой комиссын Шуурхай Штабын гишүүн, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдал хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайханаар ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Замын-Үүд суманд ажилласан гэж холбогдох албаныхан мэдээлэв.

Иргэдийг 21 хоног тусгаарлах байранд ажиглах хугацаанд тухай бүр “Ковид-19”-ийн шинжилгээ авч, хариу нь тогтмол сөрөг гарсан тохиолдолд улсын Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу гэрийн ажиглалтад оруулдаг журамтай аж.

Related news