Монголын Энхийг сахиулагчид мужийн эмнэлгийг засч хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭБүгд Найрамдах Өмнөд Судан Улсын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын энхийг сахиулагчдын 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальоныхон олон хүний амийг аварч гавьяа байгуулж байсан бол эмнэлгийн байр засварлан тохижуулж хүлээлгэн өгсөн сайн мэдээ ирүүллээ.
Манай цэрэг эрс энхийг сахиулах үндсэн үүргээсээ гадна сайн дурын үндсэн дээр бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. Хурандаа Б.Баатар захирагчтай тус батальоны бүрэлдэхүүн НҮБ-ын RRP, OCHA зэрэг байгууллагатай хамтран “Түргэн хэрэгжих төсөл”-ийн хүрээнд Бентью хотын эмнэлгийг засч, шинээр тохижуулсан байна. Заслын ажлыг 7 хоногт хийхдээ эмнэлгийн зөвлөгөө өгөх өрөө, лабораторийн болон эмч нарын ажлын өрөөний хана, тааз, шал, цонхыг засч будан өрөө бүхний ширээ, сандлуудыг шинээр хийж, хүлээлгэн өгчээ.Тус улсад болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас Бентью хотын эмнэлгийн барилга ихээхэн муудаж, өвчтөн хүлээн авч, эмчилгээ явуулахад хүндрэлтэй байсан учраас ийм засвар хийжээ.
Шинээр тохижуулсан өрөө, тасалгааг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахара, батальоны захирагч хурандаа Б.Баатар болон НҮБ, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид, Бентью хотын Засаг даргын орлогч ноён Жон Жуар Ёоч, САЧА-ийн 4 дүгээр дивизийн удирдлага, иргэд оролцсон байна. Мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахара “Энхийг сахиулагчдын эрхэм үүрэг бол энгийн иргэдийг хамгаалах, тэднийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэдэг. Энэ ч утгаараа уг төслийн ажил нүдээ олсон арга хэмжээ боллоо.Эвдрэл, гэмтлээс болж ашиглагдахаа больсон өрөө, тасалгааг сэтгэл гарган маш сайхан засч тохижуулан хүлээлгэн өгсөн Монголын энхийг сахиулагчдад зүй ёсоор талархах хэрэгтэй” гэсэн бол Бентью хотын Засаг даргын орлогч ноён Жон Жуар Ёоч “НҮБ болоод Олон улсын бусад хүмүүнлэгийн байгууллагууд манай иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад бүхий л талаар тусалж дэмжиж байдагт талархаж байна. Тэр дундаа эмнэлгийн үйлчилгээг хүртэх боломжийг дээшлүүлсэн энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэсэн монголын энхийг сахиулагчдад баярлалаа” гэсэн байна. Мөн энэ нээлт нь Олон улсын сувилагч нарын өдөр давхар тохиож тус хотын эмнэлгийн сувилагч нарт Монголын батальоны зарим сувилагч арга зүйн зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан сайхан арга хэмжээ болжээ.
Ж.Батсайхан