Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд Родриго Дүтертэ ялах нь үндсэндээ тодорхой болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-10 13:54:32

МАНИЛА. /ВВС/. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг шугамыг хатуу баримтлагч Родриго Дүтертэ Филиппиний Ерөнхийлөгч болох төлөвтэй байна.

Кампанит ажлынхаа үеэр өдөөн хатгасан мэдэгдэл хийж, маргаан дэгдээгээд байсан тэрбээр сонгуульд оролцох эрхийг “хэт даруухан байдлаар олж авсан" аж.

Одоогоор Родриго Дүтертэ саналын ихэнхийг аваад байгаа хэдий ч сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна.

Өдгөө 71 настай энэ хүн хууль дүрмийг чанд сахих хэрэгтэй гэсэн хатуу байр сууриа илэрхийлж чадсанаараа ийм амжилтад хүрчээ. Тэрбээр хууль дүрэм хэрэгждэггүй хот гэдгээрээ алдарших болсон Давао хотын захирагчаар ажиллаж байхдаа гэмт хэрэгтэй тууштай тэмцэж, “Шийтгэгч” хэмээх хоч алдрыг хүртсэн нь энэ удаагийн сонгуульд дийлэнх олонхын саналыг авахад тус дөхөм болсон байна.

Түүний сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига, ядуурал болон филиппинчүүдийн өмнө тулгамдаад буй тэгш бус байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зорилтууд тусгагджээ.

Д.Нямтулга

 

 

 

Related news