Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан багцтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 13:11:50

Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын танхимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоглоом, ном гарын авлагын багц иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гар хөлд дасгал болох тоглоом наадгай болон хэл яриа зүгшрүүлэх, оюун ухаан хөгжүүлэх номнууд уг багцанд багтсан байна.

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод дауны хам шинж, саажилт, харвалт, хөдөлгөө болон хараа сонсголын бэрхшээлтэй гэртээ хүний асаргаанд байдаг 15 хүүхэд бий гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эдгээр хүүхдүүдийг өдөртөө номын санд авчрах, эсвэл ном тоглоомоос авч яваад 20 хоногийн хугацаанд танилцан ашиглаж байгаад номын сандаа буцаан өгөх боложтой гэдгийг аймгийн нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын номын санч Р. Цолмонтуяа хэллээ.

Японы хүүхдийг ивээх сан, Монгол Улсын БСШУЯамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах” төслийн хүрээнд дээрх багцууд олгогдож байгаа юм. Өмнө нь тус төслийн зорилт 1-ийн хүрээнд 5 настай хүүхдүүдэд зориулсан багцыг  мөн олгожээ.

Т. Одончимэг

Related news