Дэлгүүр хоршоог хаана гэх ташаа мэдээлэлд автаж их хэмжээгээр хүнс худалдан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Амьдрал баян юм. Юм юм л үзэж явна гэж хөөрөлдөх өвөө таягаа тулсаар дэлгүүр рүү орлоо.
2020.03.10. Сайншанд
“Сум аймагт хөл хорио тогтоож, дэлгүүр хоршоог хаах гэнээ” гэсэн ярианд итгэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн Сайншандын хэдэн худалдааны төвийг дарав.
“Хотоос ах эгч, хамаатан садан маань залгалаа. Нөгөө айхтар өвчин Дорноговьд илэрч гэнэ ээ. Хөл хорио тогтоож удахгүй хүнсний дэлгүүрт гурил, будаа байхгүй болно. Бензин тасарна, сайтар нөөцөлж ав гэхээр нь хоршоо руу алхаж явна” гэх хүнтэй таарав.
Үнэхээр л хүнс хомсдож гурил, будаагүй болчихвол яах билээ гэсэн сэтгэл эмзэглэмээр мэдээлэл хаврын түймэр мэт тархаж гэртээ сууж байсан эмээ өвөө болон ажлаа хийж явсан хүмүүс дэлгүүр хоршоо руу зүглэсэн юм.
Байдал ямар байгаа тухай үзэхээр Сайншандын “Номин”, “Наран”, "Гуа тээг” гэх томоохон худалдааны төвөөр оров. Гадаах зогсоолд машин ярайж, дотор хүн бужигнаж, худалдагч ярих завгүй байлаа.
“Номин” худалдааны төвийн зохион байгуулагч С.Батхишигээс зарим зүйлийг тодруулахад ийн хариулсан.
С.Батхишиг: Манай худалдааны төв баярын ачаалалтай өдрүүд шиг ажиллаж байна
Манай худалдааны төв баярын ачаалалтай өдрүүд шиг ажиллаж байна. Гэнэтийн ийм зүйл харахад бас эвгүй юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гүйлгээ арай түлхүү байна.
Манайх таваас долоо хоногийн худалдааны нөөцтэй, долоо хоногт хоёр удаа бараагаа татан авдаг. Ирэх дөрөв дэхэд бараа татах ёстой ч манай удирдлага хот руу ярьж наана нь татан авахаар ярьж байгаа гэх цомхон мэдээлэл өгөв.
“Номин” худалдааны төвөөр өдөртөө давхардсан тоогоор 1000 гаруй үйлчлүүлэгч үйлчлүүлдэг аж. Авч л байвал хэдэн төгрөгийн зардал гаргаж байгаагаа, ямар үнээр худалдаж авч буйгаа ухаарах сөхөөгүй үйлчлүүлэгчид кассын худалдагчид картаа уншуулж хэд хэдэн уутанд хүнсээ дүүргээд гарч одох.
“Наран” худалдааны төвөөр орлоо. Кассын худалдагчаас зарим зүйлийг тодруулахад, мөн л ачаалал ихтэй, хүний хөдөлгөөн дүүрэн байгаа тухай ярив. “Гуа тээг” худалдааны төвд мөн л хүн бужигнаж байлаа. Зарим жижгэвтэр худалдааны төвийн төрөлжсөн лангуу бараагүй болсон байлаа.
Хэт хувиа хичээх үзэл юунд хүргэдэг вэ?
Хүнсгүй бол яаж амь зуух билээ. Гэхдээ хүнсийг ямар тохиолдолд хэрхэн яаж базаах тухай монголчуудын ойлголт бусад улс орныхоос тэс өөр байдаг бололтой юм.
Монгол бол гамшиг эрсдэлээс хол тайван орон. Тиймдээ ч жаргалаар дүүрэн. Өлсөхийг мэдрээгүй, зовлон үзээгүй улс.
Гамшиг, осолд нэрвэгдсэн улс орны иргэд нэг нь бус нийтээрээ яаж эрсдэлийг даван туулах тухай боддог бол Монголд хувиа хичээх үзэл давамгайлсныг болж буй үйл явцаас харж болно. Хөл хорио тогтоох гэж юу болох, онц байдал зарлах, газар хөдлөхөд юу хийх ёстой тухай мэдлэг хомс учир зөвхөн хэн нэгний худал ташаа мэдээлэлд автаж эмх замбараагүй байдалд уруу татагдах магадлалтай гэх.
Хөл хорио бол өвчин эмгэгээс өөрсдийгөө тусгаарлах, урьдчилан сэргийлэх арга буюу. Нийтийг хамарсан өвчин, гамшиг ослын үед эрүүл мэндийн байгууллагын өгсөн зөвлөмжийг дагаж амны хаалт зүүх, дархлаа сайжруулах, олон нийтийн газраар явахгүй байхыг урьтал болгох нь чухал. Нэг өрх айл ихэд сайндаа л сарын хэрэглээгээ бэлдэнэ. Үүнээс илүү боломжгүй.
Яагаад гэвэл хүнсэнд хэрэглэх хугацаа, чанар шаардлага байдаг. Хүнс базаалгүй яахав. Гэвч ганцаараа амьдрах юм шиг мугуйдлаад яахав. Хоол хүнс их хэмжээгээр нөөцлөх нь хүнсний хомсдлыг өсгөх, үнэ өсгөх эрэлт бий болгох сөрөг нөлөөтэй гэж албаныхан анхааруулсан.
Хүнс, тээвэр худалдаанд хориг тавиагүй
Монголд импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний худалдаа хэвийн хэмжээнд ямар ч хориг саадгүй үргэлжилж байна. Замын-Үүд гэх том боомттой, хилтэй ойрхон Сайншандад өргөн хэрэглээний бараа тийм ч хямд бус, үнэтэйд тооцогддог.
Дорноговь бол махныхаа хэрэглээг зуун хувь дотооддоо хангадаг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нийслэл Улаанбаатараас болон хөрш эрээнээс хангадаг.
Аймгийн Онцгой комиссоос мэдээлснээр Дорноговь аймаг нэг сарын хүнсний нөөцтэй бөгөөд цаашид үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад анхаарч таваас зургаан аж ахуй нэгжтэй хүнс татан авах талаар гэрээ байгуулжээ. Хүнсний хомсдол үүсэхгүй гэж төрөөс анхааруулсан. Засаг төрдөө итгэх нь зүйн хэрэг биз ээ. Сургаар сонсохоор судалж үзье.