Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэхийг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 26-нд болж шинэ төрлийн “Covid-19” вируснээс урьдчилан сэргийлэх ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа.
Одоогийн байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд 21 байнгын постод 90 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд замын хөдөлгөөн хаасантай холбогдуулж гарсан хэрэг зөрчил байхгүй.Гэвч алба хаагчдын ажлыг дэмжиж туслаагүй, ажлыг нь үнэлээгүй, хайнга хандсан байдал долоон суманд гарсан тул дээрх сумдын Онцгой комисст үүрэг чиглэл өгч, идэвхтэй ажиллах шаардлага байгааг аймгийн Цагдаагийн албаныхан мэдээлсэн юм.
Харин Улаанбаатар болон бусад аймаг сумаас аав ээж, ах дүү, хамаатан садныхаа гэрт сар шинийн баяраа тэмдэглэхээр ирсэн иргэд буцах болж авто замаар нэвтрэх санал хүсэлт багагүй ирж байгааг албаныхан тодотгов.
Хурлаар улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, хувийн автомашины хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлах тухай улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх, Замын хөдөлгөөн хязгаарласантай холбоотой зөвхөн гачигдал эндэгдэл гарсан, хүндэтгэх шалтгаантай иргэнийг аймаг хот хооронд нэвтрүүлэх, эрсдэлт нөхцөлд бэлэн байдлыг хангаж 50 ортой эмнэлэг болон 20 ортой эмнэлгийг ашиглалтад оруулах, сумдад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн болон бусад алба хаагчдын ажил үүргийг тухайн сумын Онцгой комиссоос дэмжиж хамтран ажиллах, зэрэг асуудлыг албажуулж мөрдөж ажиллахаар болов.
Одоогийн байдлаар Дорноговьд шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол илрээгүй байна. Мөн хогийн цэг, муу усны нүх, жорлонг ариутгал халдвартгүйтгэлийг яаралтай чанартай хийх, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хүн хүчийг нэмэгдүүлэх, Дорноговьд ирж байгаа гадаадын иргэдэд хяналт тавих, сахилга хариуцлагыг чангатгахыг ажил хариуцсан холбогдох албаныханд үүрэг болгов.
Халдварт өвчний
тархалт хурдацтай тархаж байгаа энэ үед төр, засаг, аймаг, орон нутгийн
удирдлагаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж өөрийгөө болон гэр бүл,
монгол ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалахыг иргэдэд уриаллаа.