Гамшгаас хамгаалах чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл өгч сургалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.БНХАУ-д гарч дэлхийн бусад оронд тархаад байгаа корона вирусний дэгдэлттэй холбогдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа.
Харин энэ нөхцөлд эцэг, эхчүүд ажилдаа явж, бага насны хүүхдүүд харгалзах хүнгүйгээр гэртээ үлдэх тохиолдол буй тул аймгийн Онцгой байдлын газраас болзошгүй осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж байна.
Мөн гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт, шалгалтын хүрээнд Сайншанд сумын нийт долоон багийн хэсгийн ахлагч нарт заавар, зөвлөмж өгсөн аж.
Үүнээс гадна “Сод монгол” ХХК-ийн Сайншанд, Замын-Үүд сум дахь салбарын ажилтан, алба хаагчдад Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, "Бэлэн бай" багц хичээлийн гал түймэр, гал унтраах анхан шатны мэдлэг, гамшгийн эрсдэлийн ойлголт, эрсдэлийн үнэлгээ, тойм судалгаа сэдвээр мэдлэг олгох хоёр цагийн танхим, дадлага хосолсон сургалт зохион байгуулсан гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.