Дорноговь аймгийн 2019 оны онцлох ажлууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-07 11:08:56

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн 2019 оны онцлох ажлаас хүргэж байна. Өнгөрсөн жил улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сан болон олон улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 102,7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ.

Эрдэнэ, Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Хөвсгөл суманд төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээний ажлууд, Ханбаянзүрх хайрхан хүртэлх 6.8 км хатуу хучилттай авто зам, зорилтод бүлгийн иргэдэд чиглэсэн хямд өртөгтэй орон сууц, сургууль, цэцэрлэг, дотуур байрыг нэмэгдүүлснээс гадна Сайншанд суманд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, Айраг, Улаанбадрах, Хөвсгөл суманд Соёл, спортын төв, Даланжаргалан, Өргөн суманд спорт заал барьсан байна.

Мөн Сайншанд суманд 50 ортой төрөх, 20 ортой эмнэлэг болон Замын-Үүд сумын 100 ортой эмнэлэг, төрийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор алба хаагчдын орон сууц, иргэн бүрт хүрч ажиллах иргэдийн хөгжлийн төвүүдийг шинээр ашиглалтад оруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, нийтийн орон сууцны засвар, гэр хорооллын авто зам, гаднах талбайн болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг бий болгожээ.

Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын тогтоолоор Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах 1,5 тонн газрын тос боловсруулах үйлдвэр, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам,  түүний дэд бүтцийн ажлууд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд, бүс нутгийн ложестик төв, Замын-Үүдийн чөлөөт бүс, Замын-Үүдийн боомтыг ес дахин өргөтгөх  зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байна.

Аймгийн эдийн засаг өсөв


Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг бий болгох бодлого барьж ажилласнаар Дорноговь аймгийн эдийн засгийн цар хүрээ тэлжээ.

Дорноговь аймаг төсвийн хувьд бие дааж өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Орон нутгийн төсвийн орлогоор 2019 онд 36.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр аймгийн ИТХ-аар баталсан нь өмнөх оныхтой харьцуулахад 12.3 тэрбум төгрөгөөр буюу 66.2 хувиар орлого өсчээ.

Татварын орлого өмнөх оноос 69.5 хувиар, татварын бус орлого 60.5 хувиар тус тус өсөв. Орон нутгийн төсвийн орлого 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 33.2 тэрбум төгрөг төвлөрөхөөс 35.9 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр төвлөрүүлж төлөвлөгөөг 108.0 хувиар давуулан биелүүлсэн байна.Улсын төвлөрсөн төсөвт  таван нэр төрлийн 5.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 8.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж төлөвлөгөөг 3.2 тэрбум төгрөгөөр давуулжээ.

2019 онд гаалийн татвар 95,5 тэрбум, үүнээс импортын татвар 89,4 тэрбум, экспортын хураамжаас 6,1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Дорноговь аймгийн хэмжээнд боловсруулах, баяжуулах 11 үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оныхоос 17,4 хувиар, дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оныхоос 24.7 хувиар өссөн үзүүлэлттэй.

 

Боловсролын салбарт 24,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ


Өнгөрсөн онд боловсролын салбарын сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, техник технологийн дэвшилтэт хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор 24,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн багш нарыг чадваржуулах зорилгоор “Шинэ Монгол” сургуультай хамтран багш, удирдах ажилтнуудад 37 удаа сургалт явуулж 4200 гаруй багшийг, 680 удаагийн сургалтад 19481 сурагчийг тус тус хамруулсан  аж.

Ингэснээр элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр өмнөх амжилтаа ахиулан 21 аймгаас III байрт эрэмбэлэгдлээ. Аймгийн шилдэг багш шалгаруулах “Алтанзул-2019” наадмыг Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлтэй хамтран гурав дахь удаагаа зохион байгуулж багш, хамт олныг алдаршуулан шилдгийн шилдэг багшаар шалгарсан Замын-Үүд сумын I сургуулийн математикийн багш Г.Батхишигийг “Мандах наран” орон сууцны хороололд хоёр өрөө байраар урамшуулав.

 

Хямд өртөгтэй орон сууц ашиглалтад орлоо


Аймгийн Нутгийн зөвлөлтэй хамтран зах зээлийн үнээс хоёр дахин хямд үнээр “Мандах наран” I, II, III, IV хороолол, төр хувийн хэвшлийн түншлэлээр, Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ суманд нийт 1200 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

Мөн Улаанбадрах, Дэлгэрэх, Хөвсгөл, Хатанбулаг суманд төрийн алба хаагчийн орон сууцыг шинэчилж, шинээр ашиглалтад оруулсан аж.

Сумандаа сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж төр-хувийн хэвшлийн түншлэлээр 2018 онд Эрдэнэ суманд эхэлж байсан төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг 2019 онд Алтанширээ, Даланжаргалан, Хатанбулаг, Улаанбадрах суманд үргэлжлүүлэн гүйцэтгэжээ. Харин эдүгээ Хөвсгөл суманд төвийн инженерийн нэгдсэн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байна.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүллээ


Тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар нутгуудтай давхцалтай байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шат дараатайгаар цуцлуулах бодлого барьж ажилласнаар тусгай зөвшөөрлийн тоог 203-аар бууруулжээ.

2011 оноос хойш нэмэгдээгүй байсан улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд УИХ-ын 2019 оны тогтоолоор Айраг сумын Цагаан дэлийн агуй, Хөвсгөл, Хатанбулаг сумын Гүн гашууны хоолой орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авав.

Ингэснээр Дорноговь аймгийн нийт газар нутгийн 25,9 хувийг тусгай хамгаалалтад авчээ. Мөн Хамарын хийд орчмын газар нутгийн Улсын тусгай хамгаалалтад авах, Хөвсгөл сумын Хутаг Уулыг төрийн тахилгат уул болгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, БОАЖЯ-нд уламжлав.

Цаашид аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээг нэмэгдүүлж, экологийн ач холбогдолтой, унаган төрхөөрөө байгаа болон доройтолд орж болзошгүй эмзэг экосистемтэй газар нутгийг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж, аймгийн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьсан аж. 

 

Гадаад хамтын ажиллагаа өргөжив


Дорноговь аймаг Япон, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Турк, Арабын Нэгдсэн Эмират, Франц, Герман, АНУ, Англи зэрэг улстай эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, аялал жуулчлал, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Олон улсын түвшинд болдог “Зүүн хойд нутгийн захиргаадын холбоо”, “Торгоны замын бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт”, БНХАУ-ын Хунан мужийн Жан Жя Жие хотын “Хотуудын холбооны форум”, цайны замын олон улсын хуралд оролцож орон нутгаа сурталчилжээ.

2019 онд ерөнхий боловсролын сургуулийн 285 сурагч, 81 багш, боловсролын ажилтан, 62 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 25 аялал жуулчлал, үйлчилгээний салбарын төлөөлөл, 150 төрийн албан хаагч гадаад хамтын ажиллагаатай улсуудад ур чадвар нэмэгдүүлэх урт болон богино хугацааны сургалт, ижил төстэй байгууллагуудад харилцан туршлага судалсан байна.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд долоон тэрбум гаруй төгрөгийн 10 төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

 

 Гэр бүлийг дэмжин ажиллав

 

Дорноговь аймаг 2019 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарлаж жилийн ажлын хүрээнд "1000 эмэгтэйчүүдийн чуулган", “Хурдан морины уралдаанч хүүхэд, “Уяачдын зөвлөгөөн”, “Залуу гэр бүлийн зөвлөгөөн”,“Залуу малчдын зөвлөгөөн,“Гэр бүлийн үнэ цэнэ ба хөгжил” сургалтууд, төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зэрэг нийт 72 удаагийн  үйл ажиллагаа  зохиож 18 мянган иргэнийг хамруулжээ.

Мөн Сайншанд суманд иргэдийг түр хамгаалах байр, Сэтгэлзүйн төвийг шинээр байгуулж, Айраг, Замын-Үүд Сайншанд сумын ерөнхий боловсролын  таван сургуульд Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын иж бүрэн кабинет, эмчийн өрөөг тохижуулж, Боловсрол, сэтгэл судлалын академитай хамтран сум, багийн нийгмийн ажилтан, багш, эмч, иргэд нийт 38 иргэнийг нийгмийн сэтгэл зүйч мэргэжлээр бэлтгэсэн аж.


Тамирчдын медалийн чанар ахив


Аймгийн 13 спортын холбоотой хамтран аймгийн аварга шалгаруулах 38олон улс, улс, бүсийн  зургаан тэмцээнийг  амжилттай зохион байгуулжээ.

Тухайлбал, “Дорноговь Бага олимп-2019” гурав дахь удаагийн спортын наадам,  "Дорноговь цом-2019" олон улсын тэмцээн“Мөнгөн шонхор авто кросс-2019” авто машины бартаат замын уралдаан, “Говийн бүс-2019” өсвөр үе, насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн, “Монголын Хүүхдийн спортын зургадугаар их наадам”, 33 жилийн дараа “Говийн бүсийн чуулга харваа-2019” тэмцээн, Үндэсний шагайн харвааны “Монголын Их тойром”,  “Үлэмжийн чанар” нийтийн бүжгийн нээлттэй тэмцээн зэрэг томоохон уралдаан боллоо.

2019 онд тив, дэлхий, олон улс, улсын аварга, бүсийн тэмцээнээс нийт 264 медаль хүртэж, тамирчдын амжилт, медалийн чанар 2018 онтой харьцуулахад 22,7%-аар өссөн байна. Биеийн тамир, спортын 100 гаруй үйл ажиллагаанд 37838 иргэн хамрагдав.


Дорноговийн “Соёлын өдрүүд”-ийг Улаанбаатар хотод зохион байгууллаа

 

Аймаг сурталчлах “Дорноговийн соёлын өдрүүд” соёл урлагийн нэгдсэн үйл ажиллагааг 40 жилийн дараа хоёр дахь удаа амжилттай зохион байгуулж 1400 уран бүтээлчдийг хамруулжээ.

Соёлын өдрүүдийн үеэр Музей сургалт, судалгааны төвийн шилдэг 30, ноён хутагт Данзанравжаагийн музейн 30 үзмэр, Дорноговийн зохиолч, яруу найрагчид, уран зураг, уран баримал, гэрэл зургийн үзэсгэлэнг  тав хоногийн хугацаанд сурталчлан таниулсан байна.

Мөн “Саран хөхөө” театрын хийгээд бусад уран бүтээлчдийн “Хувилгаан зүгийн аялгуу” хүндэтгэлийн концерт, “Хүч чадлын эрэлд” зохиомжит хүүхдийн жүжиг, Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн Улсын 15 дугаар наадам”, У.Шекспирийн  “Лир ван” драмын жүжгийг нийслэлийн үзэгчдийн хүртээл болгожээ. Дээрх уран бүтээлийг 5000 гаруй үзэгч үзсэн аж.


“Говийн чоно-2019 олон улсын дадлага сургуулийг амжилттай зохион байгуулав


“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулилтаар өмнөд, зүүн бүсийн аймгуудыг хамруулж танхимын, академик, дууриалган үзүүлэх дадлага сургууль болоод команд штабын гэсэн дөрвөн чиглэлээр 21 төрлийн сургалт зохион байгуулжээ.

Сургалтад гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн байгууллагууд,үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, гадаад улс орны төлөөлөл, бүс, орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллага зэрэг нийт 460 орчим төлөөлөл оролцов.

Сургуулийн хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг аврах, үйлдвэрийн барилгад гарсан химийн осол болон галт тэрэгний ослын үед аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуулийг гүйцэтгэсэн байна.

Мөн Сайншанд сумын иргэдийн нүүн шилжүүлэх дадлага сургуульд 12 мянга гаруй иргэн буюу хүн амын 99,5 хувь хамрагдаж бэлэн байдлыг хангав.

Ингэснээр орон нутагт үүсч болох байгалийн болон гэнэтийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах онол, дадлагын мэдлэгтэй болж олон улсын дадлага сургуульд дүүрэн хангалттай үнэлгээ авсан юм.


 Малын гоц халдварт өвчний гаралт 81.8 хувиар буурчээ


Мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хугацаанд чанартай зохион байгуулснаар малын гоц халдварт өвчний гаралт урьд оны мөн үеэс 81.8 хувиар буурсан аж.

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дөрвөн удаагийн тарилгад давхардсан тоогоор 4.1 сая толгой мал, угаалгад 1.3 сая толгой мал, туулгалт, боловсруулалтад 949 мянган толгой мал хамруулж, урьд оны мөн үеэс 178.2 хувиар, ариутгал халдваргүйтгэл 319,5 мянган м2 талбайг хамруулж 5,1 хувиар тус тус өссөн байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийн үйлчилгээг шинээр нэвтрүүлж давхардсан тоогоор 2.7 сая толгой малыг тус тус хамруулсан. Орон нутгаас Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг хангахад анхаарч бүх сумыг мал угаалгын зөөврийн ваннтай болгосон бол найман суманд тус бүр хоёр ширхэг суурин ванн шинээр барив.

Мал эмнэлгийн ажлыг дэмжиж найман суманд фургон авто машин, вакцин хадгалах хөргүүр, 14 сумыг дуудлагын иж бүрдлээр хангав. Мөн малын эмч, мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, лабораторийн хүчин чадал, аюулгүй байдлыг хангах үүднээс Мал эмнэлгийн газрын барилгад засвар шинэчлэлтийг хийсэн аж.

Эдгээр ажлын үр дүнд мал сүргийн ашиг шим болон малчдын ашиг орлого нэмэгдэж үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд чанарын шаардлага хангасан түүхий эд нийлүүлэх нөхцөл бүрдсэн байна. Дэлгэрэх суманд өсгөн үржүүлж буй нутгийн шилмэл ноолуурын гарц, чанар сайтай улаан ямааг омгоор баталгаажуулах судалгаа, шинжилгээний ажлыг 10 жилийн турш хийж 2019 онд Монгол Улсад шинээр зохион бүтээсэн мал, амьтны улсын бүртгэлд бүртгүүлэн “Дэлгэрэхийн улаан ямаа"-ны шинэ омгийг амжилттай батлуулав.

Хадлан, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор  таван суманд 10 ширхэг нийлэг хальсан хүлэмжийн иж бүрдэл, 5 суманд бага оврын трактор, хадуур, тармуурын иж бүрдлийг тус тус олгосон.

Малчдыг хөдөө аж ахуйн салбарын болоод цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор 2016 оноос эхлэн үүрэн холбооны газруудтай гэрээ байгуулан “Масс мессеж” үйлчилгээг нэвтрүүлж, 30 хоног цэнэг барьдаг, сүлжээ хайгчтай гар утас, дугаарын хамт 300 малчинд олгож тус үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн. Одоогоор нийт малчдын 90 орчим хувь нь уг үйлчилгээнд хамрагдав.

“Сум хөгжүүлэх сан”-гаас 77 төсөлд 726,1 сая төгрөг, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 14 төсөлд 1.0 тэр бум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож 19 өрхийн болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгч шинээр нэмэгдсэн аж. Хөнгөлөлттэй зээл олгосноор тус онд 270 гаруй ажлын байр шинээр бий болсон.

Малын гаралтай түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор найман суманд үйл ажиллагаа явуулж буй иргэдийн нөхөрлөлүүдэд арьстай мах хуулах, нэхий элдэх тоног төхөөрөмжийг олгосон аж.


Related news