Л.Гансүх: Зорьж тэмүүлснээ хийсэн дээ гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-23 16:36:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож буй энэ үед газар тариалангийн салбарынхан маань гараа хумхих завгүй ажиллаж байна. Тэдний төлөөлөл болсон ХАА-н ахмад инженер Лувсандаржаагийн Гансүхтэй уулзаж ярилцлаа. 

 

Бид хоёрын яриа гунигтай дурсамжаар эхэлсэн юм. Гансүх гуайн насны хань малын эмч Г.Буянжаргал гуай болон аав ээжийнхээ ажил мэргэжлийг залгамжлан ажиллаж байсан сайхан хүү нь саяхан бурхны оронд одож ганцаараа үлджээ. Гэлээ ч бэр Ч.Эрдэнэцэцэг нь “Монгол төмс” төслийн ажил болон бусад аж ахуйн бүхий л ажлыг нуруундаа үүрч хань бараатай яваад нь Гансүх гуай баяртай байна. Аймгийн анхны фермерүүдийн нэг Л.Гансүх гуай үнээ малаа хүүхдүүддээ тарааж өгч өөрөө саалийн ганц үнээтэй үлдсэн байна. Буянт мал дорхноо л өсч үржин 5-6 үхэр авсан хүүхдүүд нь түрүүчээсээ 30-40 үхэртэй болжээ. Анх Төв аймгийн Партизаны сангийн аж ахуйгаас авчирсан сүүний чиглэлийн хоёр үнээгээ өсгөөд 10 тооны үнээтэй болсон ч нас 70 хүрээд хүчрэхээ больж ийн хүүхдүүддээ тараасан байна. Энэ хорвоод ирсэн ажлаа хийчихлээ гэж үздэг дээ хэмээн өвгөн инженер өгүүлэв.

Ногоогоо аймгийн зүүн талбайд 5-6 га-д төмс, 7-8 га-д манжин, лууван, байцаа тарьжээ. Хашаа нь тэр чигтээ зоорь болсон байна. Эхлээд 30 тонн багтаамжтай зоорийг аж ахуйн аргаар барьсан бол үхрийн саравчаа өвлийн хүлэмж болгосон байна. Нэмээд 50 тоннын зоорь барьжээ. Ийнхүү “Монгол төмс” хөтөлбөрт хамрагдаад үрийн төмс үржүүлж байна. Энэ төслийг мөн Хурхад хэрэгжүүлж байгаа. Сайн чанарын Голланд сортын хул шаргал төмсний үрээр ногоочдыг хангадаг. Ийм төмс жилдээ 70-80 тн-ыг хураан авч үрэнд нийлүүлэх агаад өвөлжин ажиллаж арчилдаг байна. Сортлоод үрийн болон таваарын төмсөө ялгадаг. Сургууль цэцэрлэгүүд, цайны газар, ногооны ченжүүд, дэлгүүрүүд гээд авъя гэсэн болгонд худалддаг байна.

Гансүх инженер өдгөө цахим орчинд мэдээ мэдээлэл аваад сууна. Худалдан борлуулах, төлбөр тооцооны асуудлыг гэртээ суугаад амжуулна. Үеийнхэн нь ч өвгөн инженерээс мэдээлэл сонсч санал бодлоо солилцдог гэсэн. Одоо төмсөө ид хурааж сургуулийн хүүхдүүд болон хүмүүсийг савлагчаар ажиллуулдаг. Бэр нь энэ бүх ажлыг амжуулж Гансүх гуай одоо манаачийн үүрэг гүйцэтгээд сууж байна.

Гансүх гуайн ажил амьдрал анхдагч болсон түүхээр их баялаг. Тухайлбал, 1967 онд ХАА-н дээд сургуулийн анхны дотооддоо төгссөн инженерүүдийн нэг юм байна. Өмнө нь Орост төгсгөдөг байжээ. ХАА-н “дотоод үйлдвэрийн” инженер маань нутагтаа ирээд Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн анхны ХАА-н машин техникийн инженерээр томилогджээ. Аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лхагвасүрэн түүнд, “За буриад суманд очоод архи уувал Ононтойгоо урсаад Орос руу л гарна шүү” гэж хоржоонтой бөгөөд хатуухан анхааруулга өгсөн нь ой тойнд хадагдаж үлдсэн гэдэг.

1969 оны намар тариа хураалтаа дуусах үед түүнийг аймгаас дуудав. Учир нь, аймагт ХАА-н ТМС байгуулж түүнийг багшаар томилжээ. Ингээд Гансүх инженер тус сургуулийн анхны багш нарын нэгэн болов. 1977 оны хавар түүнийг хичээлээ зааж байтал аймгийн намын хорооноос дууджээ. Намын хорооны товчоо хуралдаж, түүнийг шинээр байгуулах Чандаганы сангийн аж ахуйн ерөнхий инженерээр томилов. Бас л шинэ сангийн аж ахуйн анхны инженер боллоо гэсэн үг. Намын Төв Хороогоор батлагдсан Самбуу дарга, агрономч Я.Цэвээн, эдийн засагч Санжааханд гэх мэт баг бүрдээд шинэ САА-гаа байгуулах ажилд шамдан орсон байна. Даргатайгаа цуг ХААЯ-нд очиж баахан техникийн наряд бичүүлээд нааш нь зөөж эхлэв. 25 гэр, 4-5 орон сууц, гуанзны вагончик, вагон душ, тариалангийн техник хэрэгслүүдээ авчиржээ. Ийнхүү Гансүх инженер атрын хоёрдугаар аян эхлэхэд шинэ САА байгуулах үйлст хүчин зүтгэж явав.

Чандаганаас ирээд 1980 онд ХАА-н машин механизмын засварын багийг Дугар инженерийн хамт аж ахуйн тооцоон дээр суурилан байгуулжээ. Хоёул төсөв тооцоо хийгээд аймгийн удирдлагуудад танилцуултал зөвшөөрч, тостой гартай инженерүүдийн хүсэл биелж, ХАА эрхэлсэн орлогч дарга Б.Даваадоржийн дэмжлэгээр Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлээс 220 000 төгрөг зээлж засварын газрын хашаа, байраа барьсан байна. Ингээд туршлагатай хоёр инженер дуудлагаар ХАА-н машин техникүүдийг засч байв. Ингэж байтал сумдын цахилгаан станцуудыг аймгийн Нийтийн аж ахуйг удирдах газарт газарт шилжүүлж, аанай л өвөл болохын өмнөхөн аймгийн Намын хорооны товчоо хуралдаж ажил нь олигтой болохгүй байгаа Нийтийн аж ахуйн газарт сумдын дизель станцуудыг хариуцуулан Гансүх инженерийг томилж өвлийг ажралгүй давуулах үүрэг өгөв. Засварын багтайгаа очсон Гансүх инженер эндээ ажиллаж байтал НААЯ татан буугдаж сумдын станцууд Эрчим хүчний үйлдвэрийн харъяанд шилжихэд инженер мөн л станцуудаа дагаж очжээ. Ингээд 1997 онд аймаг төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоход Гансүх инженер мөнөөх хэдэн станцтайгаа хамт ажилгүй болж амь зуухын эрхэнд хувийн бизнес рүү хөл тавьсан байна.

Өндөр ашиг шимтэй сүү ихтэй хоёр үнээ Партизаны сангийн аж ахуйгаас авчирч сааль сүү базаахын зэрэгцээ хонины ноос цуглуулан эсгий хийж эхлэв. Бодож бодож нүгэл хилэнцгүй ийм бизнес сонгосон гэнэ. Аймагтаа анхны фермерийн нэгэн болж үхрийн аж ахуй, эсгийний жижиг цех ажиллуулахын зэрэгцээ хүлэмжинд нарийн ногоо тарьж, үзэсгэлэн худалдаанд тавьсан том том өргөст хэмх нь амьтны нүдийг орой дээр нь гаргаж байж. Сүүгээрээ зайрмаг тараг үйлдвэрлэж борлуулан ашиг орлогоо нэмж байв. Сүү боловсруулах жижиг оврын машин техник хөөцөлдөж Яам тамгаар яваад бүтэхгүй байтал нэгэн мэргэжилтний хувийн үйлдвэрийн эвдэрсэн хуучин тогоо шанагыг хямд авч засч ажиллуулаад ийн тараг, зайрмагны жижиг цех аймагтаа анх ажиллуулж байв. Тэгтэл аймаг орон нутаг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбогдмогц түүгээр нийслэлийн болон хойд хөршийн зайрмагнууд аймаг руу жирийх болсноор Гансүх фермерийн зайрмаг зах зээлээс шахагдав. Ингээд тэрбээр шинэ төсөл хөтөлбөр хөөцөлдөж, газар тариаландаа эргэн ирж, “Монгол төмс” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж сайн чанарын үрийн төмсөөр хангах ажлыг хийж байна.

Аймгийн алтан гартай инженерүүдийн нэг Л.Гансүх гуайн ажил амьдрал атрын 60 жилийн ойн өнгөн дээр ч ийм л сайхан өрнүүн, өнгөлөг явна аа. 

Related news