Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-12 17:37:45

Унаж яваа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагаварыг нь хянуулах үүргийг тээврийн хэрэгсэл эзэмшигчид хүлээсэн байдаг. Хуулиар тогтоосон хугацаанд явагддаг хяналтын үзлэг Дундговь аймагт өчигдөр эхлээд байна.

Энэ удаагийн үзлэгтэй зэрэгцэн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 оноо тооцох журмын талаар сургалт хийнэ. Тиймээс энэ удаагийн үзлэг тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд мэдлэг мэдээлэл нэмэх давхар ач холбогдол агуулж байгааг Авто тээврийн төвийн дарга Д.Очбадрах хэллээ.

Техникийн хяналтын баг Луус сумаас үзлэгийг эхлүүлсэн байна. Энэ сарын 27-ныг дуустал аймгийн баруун сумд, энэ сарын 30-наас 5 дугаар сарын 12-ныг дуустал зүүн сумдад техникийн үзлэгийг үргэлжлүүлнэ.

Харин тавдугаар сарын 16-наас 6 дугаар сарын нэгэн хүртэл аймгийн төвд үзлэгийг явуулахаар хуваарь гаргасан байна.

Өнгөрсөн оны тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 8340 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдаж байжээ..

 Т. Отгонтуяа

Related news