Японы худалдааны төвүүдэд хөтөч роботууд ажиллана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНТОКИО. /TASS/. Японы цахилгаан техникийн “Hitachi” компани худалдааны томоохон төвүүдийн худалдан авагчдад туслах ажлыг гүйцэтгэх шинэ хөтөч роботуудын захиалгыг авч эхэлжээ.
"EMIEW3" гэдэг энэ аппарат нь оптик мэдрэгчийн тусламжтайгаар мэгдэж сандарсан эсвэл худалдааны төвийн мэдээллийн самбарын өмнө эргэлдэж байгаа хүмүүсийг ялгаж олоод, туслах санал тавьдаг гэнэ. Хөтөч роботууд япон болон англиар “ярьж” чадна.
Кибер хөтөч нь худалдан авагчийг түүний хайж байгаа лангуун дээр хөтлөн аваачих аж. Уг роботууд нь хол зайд байгаа серверт оруулсан асар их мэдээллийг хадгалж байх бөгөөд “Cloud Computing” буюу “үүлэн тооцооллын технологийн” тусламжтайгаар тухайн сервертэй холбогдоно.
Уг аппаратыг эцэг эх нь худалдан авалтдаа хэтэрхий их анхаарснаас болж худалдааны том төвүүдэд төөрсөн хүүхдүүдийг хайхад ашиглахаар төлөвлөж байгаа аж. Хүүхдүүдийг айлгахгүйн тулд роботуудын гадаад төрхийг хүүхэлдэйн киноны баатруудтай адил хийж, өндрийг нь 90 см-ээр хязгаарлажээ.
“Hitachi” компанийнхан энэ загвараа илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаа бөгөөд 2020 онд Токио хотод болох Олимпын наадамд зориулж хөтөч роботуудыг бөөнөөр худалдахаар төлөвлөж байна.
Д.Жаргал