Норовлинчуудын хөгжлийн гол хөшүүрэг аялал жуулчлал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-05 23:22:32

Хэнтий /МОНЦАМЭ/ Норовлин сумын ИТХ, ЗДТГ, “Норовлин Иргэдийн оролцоо” ТББ санаачлан “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо” сэдэвт чуулганыг тус суманд зохион байгууллаа. Энэ талаарх сурвалжлагыг хүргэе.


Чуулганд БОАЖЯ, Их эзэн Чингис хаан түүхэн аялал жуулчлалын төсөл, Хэнтий аймгийн БОАЖГ, Иргэдийн оролцоо хоёр төсөл, "Номадик жонис" ХХК тус тус оролцсон байна. “Иргэдийн оролцоо” төсөл Швейцарийн хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Завхан аймгийн Их-Уул сум, Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэнтий аймгийн Норовлин суманд хэрэгждэг аж. Чуулганы үеэр гаргасан үзэсгэлэн худалдаанд Дадал, Баян-Адарга, Норовлин, Завхан аймгийн Их-Уул сумын иргэд өөрсдийн хийсэн нийт 30 нэр төрлийн 250 гаруй бүтээгдэхүүн дэлгэн тавьж худалдаалав. 

Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяр ярихдаа, Норовлин суманд төрийн их заргач Шихихутагийн орд өргөөг барих бэлтгэл хийж, 2019-2020 онд барилга угсралтын ажил дуусна. Дараа нь үзмэрүүдийг дэглэх ажил хийнэ. Түүхэн аялал жуулчлалын паркууд хоорондоо өрсөлдөх бус өөр өөрийн онцлогтой бүтээгдэхүүнүүд бий болгох ёстой. Шихихутаг гэдэг их хүмүүний дурсгалын  цогцолбор нь үзмэр талаасаа нөгөө талдаа бичиг соёлыг илэрхийлсэн томоохон аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох юм. Чингис хот болон Дадал сумын хооронд жуулчдын урсгал дайран өнгөрдөг гол бүс нутаг бол Норовлин сум. Үүнтэй холбоотойгоор жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүнийг дагасан соёл зэрэг олон зүйлийг иргэд эндээс ойлгож мэдэх ач холбогдолтой ажил болж байна гэв.

Норовлин сумын Засаг дарга П.Алтангэрэл, -Норовлин сум 2018 онд Швейцарийн хөгжлийн Агентлагийн “Иргэдийн оролцоо-1” төсөлтэй хамтраад иргэдээсээ санал авч нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлтөө хийсэн. Үүнд аялал жуулчлалыг хөгжүүлэх газар нутаг, түүнээс үүдэн гарах бүтээгдэхүүн гэсэн заалтууд шинээр орж ирсэн. Энэ онд дахин “Иргэдийн оролцоо” төсөлтэй хамтран сумын аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулаад эрдэмтэн мэргэд, иргэдээрээ хэлэлцүүлсэн. Энэ хүрээнд бид анхдугаар чуулганаа хийлээ. Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, үүнд иргэд хэрхэн оролцох хандлага, чиглэлийг онцоллоо. Манай суманд “Шихихутаг– Их засаг” цогцолборын ажил эхэлж байгаа. Мөн 200 хүүхдийн шинэ цэцэрлэг, 400 хүний суудалтай сумын соёлын ордон барина. Цаашдаа аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.  

Удирдлагын Академийн багш, доктор профессор С.Энхсайхан, Норовлин сумын иргэдээс авсан саналаар сумын хөгжлийн гол хөшүүрэг нь аялал жуулчлал байна гэсэн санал давамгайлсны дагуу энэ сумын аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулна. Энэ саналын дагуу судалгаа хийж үзээд нэлээд урт хугацаанд хэрэгжүүлэх цогц арга хэмжээ юм гэж үзсэн. Аялал жуулчлалын хөдөлгөөн зүүн бүс рүү эрчимтэй эргэж байна. Норовлин сумын хэтийн чиг хандлагыг тодорхойлсны үндсэн дээр хөгжлийн төлөвлөгөөг урт, дунд, богино хугацаагаар хувааж, ямар бүтээгдэхүүнүүд байж болох талаарх саналаа энэ чуулганд танилцууллаа.

Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үндсэн дөрвөн чиглэлээр үүнд, Түүхэн, нүүдлийн, байгалийн, адал явдалт аялал жуулчлал гэж тодорхойлж авч үзсэн. Нүүдлийн болон байгалийн аялал жуулчлалаар ирэх жилээс бүтээгдэхүүнүүдээ танилцуулаад хэрэгжүүлэх боломжтой. Энэ сумын нэг онцлог бол Дорнод Хэнтий чиглэлийн зүүн бүсийн аялал жуулчлалын гол маршрутын төв цэгт байршиж байгаа. Мөн автозам мөдхөн орж ирнэ. Төвийн эрчим хүчинд холбогдсон гээд олон давуу талтай. Норовлин сум Онон балжийн байгалийн цогцолбор газар, Тосон хулстайн байгалийн нөөц газар, Улз голын байгалийн нөөц газруудтай. Нэг суманд ийм олон тусгай хамгаалалттай газар байна гэдэг онцлог давуу тал болж байгаа бол нөгөө талаасаа эко аялал жуулчлал хөгжүүлэх суурь нөхцөл нь юм. Энэ сумын одоогийн төлөвийг харахад мал аж ахуйд суурилж хөгжиж байна. Иймд мал аж ахуйгаас олсон орлогоо аялал жуулчлал руу чиглүүлэх боломж байна.

Зам маршрутын хувьд зүүн хойд бүсийн аялал жуулчлалын бүс болох Цэнхэрмандал-Биндэр-Баян-Адарга-Дадал чиглэсэн замын буцах суваг дээр байрладаг. Мөн Ульханаар дамжаад ОХУ-тай, Хавиргын боомтоор дамжаад БНХАУ-тай холбогдох боломжтой. Зөвхөн аялал жуулчлал биш бүс нутгийн нийгэм эдийн засгийн гол хөдөлгөөн энэ сумыг дайран өнгөрдөг. Тухайн нутагт байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болох ховордсон ан амьтад аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломж их байгаа. Тухайлбал, Цэн тогорууд Норовлин, Биндэр сумаар дайраад буцдаг. Хөрш зэргэлдээ Дадал суманд буриад зоны соёлтой холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд байдаг бол түүнтэй зэрэгцээд Халхчуудын ёс заншил тэр дундаа Чингисийн алтан ургийнхны амьдралын хэв шинжийг харуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Норовлин сумынхны өөрсдийн санаачилсан Ногоон морь төсөл байгаа. Энэ төсөл нь жинхэнэ эко аялал жуулчлалыг хөгжүүлэх нийгмийн амьдралыг сайжруулах, бүтээгдэхүүнээ нутагтаа үйлдвэрлэж түүгээрээ гадна, дотны жуулчдыг татах боломж юм гэлээ.


Related news