Ц.Мөнхзул: “Алтан намар” дуугаа аяланхан алхах сайхаан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Агрономич хүн гэдэг газар шороогоо арван хуруу шигээ мэддэг хөрс судлагч, орон нутгийнхаа уур амьсгалыг мэддэг цаг уурч, тухайн нутагт тариалж болох ургамал бүрийн шинж чанарыг мэддэг ургамал зүйч, хэрэглэж болох болохгүй бордоогоо мэддэг химич, тариаланд тохирох техник, яаж услахаа мэддэг агротехникч, усжуулагч, элдэв хог ургамал болоод ургамлын элдэв өвчин, хортон шавьжуудтай байлддаг ургамал хамгаалагч, энтомотологич гээд дурдаад байвал дуусашгүй олон шинжлэх ухааныг цогц эзэмшсэн нэгэн байдаг. Эх орондоо их зүйлсийг бүтээсэн агрономичдын түүх үргэлжилсээр...
Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож буй энэ цаг үед газар тариалангийн түүхийг үргэлжлүүлж яваа энэ цагийн нэгэн төлөөлөл нь Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны албаны дарга, аймгийн ерөнхий агрономич Ц.Мөнхзул юм. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигчиддаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Мэргэжлээ хэрхэн сонгосон түүхээс ярьж эхлэх үү?
-Баярлалаа. Миний хувьд анд нөхөрлөлийн өлгий Батноров нутагт төрсөн хүн. 1983 онд Дорнод аймгийн ХАА-н техникумыг, 1997 онд ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөн. 1983-1992 онд Өндөрхааны САА-д, 1992-2002 он хүртэл “Өндөрхаан” ХК-д агрономич, 2002-2003 онд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн, 2003 оноос одоог хүртэл аймгийн Хөдөө аж ахуйн газарт алба, хэлтсийн дарга, мэргэжилтнээр ажиллаж байна. Бидний үед дунд сургуульд байхад “Новый тавор”, “Пионерский правда”, “Юный натуралист”, “Юный техник” гээд сэтгүүлүүдийг их захиалуулдаг байсан юм. Харин би ургамал судлалын чиглэлийн “Юный натуралист” сэтгүүлийг захиалж уншсаар байгаад агрономич болсон доо. Тэр үеэс л агрономич болох хүсэл төрсөн гэж хэлж болно.
-Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байв?
-Наймдугаар ангиа төгсөөд 1980-1983 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцсан. Дараа нь Өндөрхааны САА-д агротехникчээр 18 насандаа ажлынхаа гарааг эхлүүлж байсан. Тэр үед улсын САА гэж сайхан байгууллага байж дээ. Одоо эргээд дурсан санахад ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан тэр цаг хугацаа үнэхээр сайхан юм даа.
-Залуухан агрономич бүсгүйн ажил амьдралыг зүглүүлж, чиглүүлж өгсөн ахмадуудаа дурсвал?
-Тэгэлгүй яахав. 1983 онд аймгийн Хөдөө аж ахуйн газрын даргаар Б.Даваадорж гуай ажиллаж байсан юм. Шинэ төгсч ирсэн намайг Баян-Овоо суманд хуваарилж, томилолт өгдөг юм байна. Ингээд томилолтоо аваад гарах гэж байтал нэг хүн Б.Даваадорж даргын өрөөнд орж ирээд манай Б.Цоодол ХААДС-д суралцахаар болсон тул нэг агротехникч хэрэгтэй байна гэхэд за за энэ хүүхдийг танайд томиллоо гээд бид хоёрыг гаргасан юм. Гараад л Өндөрхааны САА-д ерөнхий агрономич Р.Пүрэвцэрэн гэдэг хүнийг анх мэдэж тэр өдрөө л ажлаа авч Өндөрхааны САА-д ирж, үр тарианы гуравдугаар салаанд агротехникчээр хуваарилагдан ажиллаж байлаа.
Миний ажлын анхны гарааг чиглүүлж өгсөн хүн бол Л.Буяндэлгэр гуай. Л.Оюун эгч, Лувсандаржаа гуай маань байна. Мундаг сайхан тохитой ажилсаг, бүтээлч хүмүүс байсан даа.
-Тариа ногоон талбай, шаргуу хөдөлмөрч тариаланчдынхаа дунд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би чинь газар тариалангийн салбарт анхан шатны нэгж тариа бригадаас эхлээд өнөөдрийг хүртэл 36 дахь жилдээ тууштай ажиллаж байна даа. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг зориулж ирсэн ажил болохоор дасал, дотно болчихож дээ.
-Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?
-Сайхан мэргэжил шүү. Би агрономич мэргэжлээр 30 гаруй жил ажиллахдаа хүн амынхаа хүнсний аюулгүй байдал, аймаг орон нутгийнхаа төмс, хүнсний ногоо, үр тариагаар хангахад өөрийн мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласан байна. Тариа сайхан ургасан жил шаргалтсан сайхан тариан дунд “Алтан намар” дуугаа аяланхан алхах, тариа хурааж байгаа комбайны хүнгэнэсэн дуу, дохиогоо ажиллуулаад будаагаа буулгахаар эгнээд зогсч байгаа тариаланчдаа харах сайхан, омогшил төрдөг. Миний эзэмшсэн мэргэжил хэзээд ажлын байр бэлэн шүү. Органик хүнсээ өөрөө тариад ургуулчихна. Хүмүүст зааж сургаад өгнө гэх мэт үнэхээр сонирхолтой.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу? Амжилттай яваа аливаа хүний ард найдвартай, халуун дулаан гэр бүл байдаг шүү дээ
-Тэгэлгүй яахав. Би чинь хүү, охин хоёртой хүн. Хүүхдүүд маань бүгдээрээ тусдаа өрх болсон. Хүү Б.Нямхатан маань аймгийн БОАЖГ-т ойн албаны даргаар ажиллаж байна. Харин охин Б.Хатантуул БНСУ-д магистрантаар суралцаж байгаа. Миний ханийг Ж.Баттулга гэж жолооч хүн бий. Бид хоёр чинь Өндөрхааны САА-д ажиллаж байхдаа 1985 онд гэр бүл болж, 33 жил ханилж явна даа. Хүний амьдралд алдаж онох нь ээлжлэн байдаг хорвоо шүү дээ. Хааяахан тунирхах, гомдох, гомдоох, ам зөрөх гээд л олон л юм болно, тэр бүхнийг хоёулаа даван туулж хамтдаа өдийг хүртэл ханилж явна даа. Манай нөхөр ч олон таван үггүй, дуу цөөтэй хүн.
-Та хэр олонтой хүн бэ?
-Ажил амьдралын, гэр бүлийн гээд чанартайхан цөөхөн хэдэн найз бий бий.
-Төдийгөөс өдий хүртэл нэгэн дээвэр дор ажиллаж, нэгэн зорилго дор хөдөлмөрлөж ирсэн хамт олныхоо тухай ярихгүй юу?
-2003 оноос аймгийн Хөдөө аж ахуйн газарт 16 жил ажиллажээ. Төрийн залгамж халаа тасралтгүй ажиллах зарчмын дагуу олон сайхан сэхээтэн залуустай ажиллаж байна. Манай байгууллага Мал аж ахуй, газар тариалан, Мал эмнэлэг, Хүнс, нийтийн хоол, худалдаа, ЖДҮ, хоршоо, ахуйн үйлчилгээ гээд Хөдөө аж ахуйн олон салбарыг харьяалж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байгаа. Манай хамт олон манлайлагч залуучууд олонтой бүтээлч, эвсэг найрсаг хамт олон доо.
-Таны ажил амьдралдаа баримталж ирсэн зарчим юу вэ?
-За гэвэл ёогүй гэж үг байдаг даа. Хийх ажлаа яг цаг хугацаанд нь хийх дуртай. Ам, ажлын зөрүүнд үнэхээр дургүй. Бас гараас нь юм гардаггүй хүнд ер нь л таатай биш шүү. Ам ажил нь нийлдэг хүмүүс сайхан. Манай аав их зарчимч хүн шүү дээ би ааваасаа л энэ чанарыг нь өвлөсөн юм байх. Бидний үед ч шаардлага өндөртэй ажлыг яг дуустал чанартай хийлгэдэг байж ахмадууд маань. Тэр нь бас нөлөөлсөн байх. Өөрийгөө шаардлага өндөртэй, зарчимч хүн гээд тодорхойлчихвол яадаг бол.
-Энэ жилийн ургац арвин байна уу?
-Хэнтий аймаг энэ онд нийт 19199 га –д тариалж үүнээс үр тариа 12236 га-д, малын тэжээл 1430 га-д, рапс 5220 га-д, төмс 177 га-д, хүнсний ногоо 136,8 га-д тус тус тарьсан. Аймгийн хэмжээнд ургацын урьдчилсан баланс тогтоох ажлыг наймдугаар сарын 15-20-ны хооронд тогтоож, үр тариа нэгжээс 12,6 цн буюу 14,5 мянган тн, малын тэжээл 3,9 мянган тн, рапс нэгжээс 5 цн буюу 2,6 мянган тн, төмс нэгжээс 110 цн буюу 1,9 мянган тн, хүнсний ногоо нэгжээс 130 цн буюу 1,8 мянган тн-ийг тус тус хураан авахаар төлөв гарсан. Одоо ид тариа хураалт өрнөж байна. Энэ жил атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа онцлог жил. Ойгоо угтаж, олон ажил зохион байгуулах төлөвлөгөө гарчихсан, зав муутайхан сууна даа эгч нь.