Сурагчдад аялангаа хичээллэх боломжийг олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлгэрхаан сумын ЕБС-ийн захиргаанаас найм дахь удаагаа аялал хичээлийг багш, сурагчид, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулжээ.
Хүүхэд нэг бүрийг нутаг орон, газар шороогоо хайрлан хамгаалах, бахархах үзлийг төлөвшүүлж, бие даасан бүтээлч иргэн болгох зорилгоор тус үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн аялал хичээлд 6-9 дүгээр ангийн 134 сурагч, 13 багш, 10 эцэг эх оролцсон байна.
Тухайн өдөр сурагчид өглөө долоон цагт босож, гүйлт, дасгал биеийн тамир, аяллын дуу хөгжмийн хичээл, өглөөний цай, байгалийн сонин хачинтай танилцах биологи-газарзүйн хичээл, бие биенээ сонсох ойлгох нийгмийн ухаан, иргэний боловсролын хичээл, бүтээл гаргах монгол хэл, уран зохиол, дүрслэх урлаг технологийн хичээл зэргийг судалж танилцжээ.
Найм дахь удаагийн аялалд багш нар, эцэг эхчүүд, сурагчид идэвх чармайлттай оролцож, хүүхэд бүрийн оролцоо, чадвар сайн байж, аяллын зорилго хангагдаж чадсаныг зохион байгуулагчид дурдаж байлаа. Мөн хүүхэд бүр дараа жилийн аялал хурдан болоосой гэсэн сэтгэлээр аяллаа өндөрлүүлжээ.
Мөн тус сумын сургуулиас “Өглөөлөг” хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутгийнхаа түүхэн дурсгалт газар болох хоёр нууртай танилцаж, өөрийн нутаг орноороо бахархах үзэл төлөвшүүлэх зорилгоор 1-5 дугаар ангийн сурагчдын дунд явган аялал, тэмцээн уралдааныг зохион байгуулсан аж. Нийт 180 сурагч, есөн багш хамрагдаж, Аварга тосон нуур орчмын хогийг цэвэрлэж нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн байна.