“Шар тал”-д уран хагалгаа тэмцээн 31 жилийн дараа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Тариаланчдын ур чадварын аймгийн аварга шалгаруулах “Уран хагалгаа” тэмцээн Өмнөдэлгэр сумын Гурванбаян тосгоны “Шар тал” хэмээх газар боллоо.
Тус тэмцээнийг 1988 оноос хойш зохиолгүй өдийг хүрсэн бөгөөд ийнхүү 31 жилийн дараа Атрын 60 жилийн ойн дээр болж байгаагаараа онцлог байв. Тодруулбал, Монгол Улсад атар газар эзэмшиж газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд “Хэнтийн Атрын аян"-ыг эрчимжүүлж, агротехнологийг чанд баримтлан тогтвортой ургац хураан авах, тариаланчдын чадавхийг сайжруулж дэмжих зорилготойгоор зохион байгуулсан байна.
Тэмцээнд нийтдээ 13 компанийн төлөөлөл болсон 16 агротехникч оролцож, Беларусь 1221 маркийн трактороор ПН-4-35 маркийн анжсаар 500 метрт шанг татан, 20-25 см гүн хагалж уралдсан аж.
Тэмцээний нийт дүнгээр гутгаар байрт Энседа ХХК-ийн ажилтан Н.Буяндэлгэр, дэд байрт "Хурх гол" ХХК-ийн ажилтан Р.Цогбаяр, тэргүүн байрт ОБГ-ын Шар талын үрийн нөөцийн ажилтан Л.Батсайхан нар шалгарчээ.
Тус аймгийн аварга шалгаруулах тэмцээнд одоо ажиллаж буй залуучуудын төлөөлөл ихэвчлэн оролцож байгаа нь цаашдаа уран хагалгаа тэмцээнийг уламжлал болгон зохиох хэрэгтэйг илэрхийлж байлаа.