Эрэлч нохойн сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-11 09:28:36

Дорноговь /МОНЦАМЭ/.“Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Дорноговь аймагт эхэлсэнтэй холбогдуулж Засаг даргын захирамжаар Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүдийг  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа.

Албаныхан дадлага сургалтаар "Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний  команд штабын сургууль гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулах төлөвлөгөө баталсан.

Есдүгээр сарын 10-нд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах 105 дугаар анги, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын нохойн хөтөч-аврагчид, Аляскийн үндэсний гвардын сургагч багш нартай харилцан туршлага солилцох эрэлч нохойн сургалтыг зохион байгууллаа.

Мөн нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуульд эрэлч нохдыг ашиглан эрлийн ажиллагааг зохион байгуулах дадлагыг хийх аж. Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт төлөвлөсөн ажлын дагуу үргэлжилж байна.

Related news