Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний асар их ирээдүй бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-06 11:24:50

УИХ-ын дарга З.Энхболд "Корпорэйт" төвд болж буй Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Тэрбээр "Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд нар, салхи, ус, газрын гүний дулааны нөөцөө ашиглан 2.6 Тера Ваттын чадалтай эх үүсвэр байгуулах боломжтой гэж судлаачид тогтоожээ. Тухайлбал, 2001 онд АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатори болон монголын мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан Монгол орны салхины нөөцийн атласт Монгол орны нийт газар нутгийн 10 гаруй хувь нь салхины арвин нөөцтэй бөгөөд энэхүү нөөцөө ашиглан 2.5 сая Гвт.ц цахилгаан үйлдвэрлэх боломжтойг тогтоожээ. Мөн, жилийн 270 хоногт цэлмэг, нартай байдаг Монголын говь нь нарны энергийн нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Энэ бүгдээс үзвэл Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний асар их ирээдүй бий.

Өнөөдөр манай улсын цахилгаан хэрэглээний горим нь айл өрхийн хэрэглээнээс хүчтэй хамаардаг. Үүнээс шалтгаалан оройн цагийн оргил ачааллын үед ОХУ-аас цахилгаан импортлон, шөнийн бага ачааллын үед ОХУ руу илүүдэл цахилгаан эрчим хүчээ экспортлох горимоор ажиллаж байна. Бид эрчим хүчний бие даасан байдлаа нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлээ хүчтэй тэлэхэд сэргээгдэх эрчим хүч чухал ач холбогдолтой. 

Өнөөдөр манай эрчим хүчний системд суурилагдсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ нь 8 хувь байна. Ойрын 5 жилд, нийт 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт бүхий нарны болон салхины эрчим хүчний 10 гаруй төсөл хэрэгжсэнээр бид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 600 МВт-аар нэмэгдүүлнэ.

Монгол Улс нь уул уурхайн салбараас хүчтэй хамааралтай. Тухайлбал өнөөгийн байдлаар манай нийт экспортын 80 хувь нь уул уурхайгаас бүрддэг. Гэсэн ч уул уурхайн салбар нь дэлхийн зах зээлийн үнээс хэт хамаардаг, ажил эрхлэлтэд онцын сайн нөлөөгүй, хязгаарлагдмал тул дангаараа бидний ирээдүйн хөгжлийн шаардлагыг хангаж чадахгүй. Иймд Монгол Улсын хувьд эрчим хүчний экспортын гарцыг нээн, үүнд сэргээгдэх эрчим хүчийг оруулж өгөх нь чухал болоод байна. 

Монгол Улс эрчим хүчний зах зээлээ хурдтай хөгжүүлэхийн тулд хөрш орнуудтайгaa илүү нягт хамтран ажиллах зорилт тавьж байгаа. Монгол Улс болон БНХАУ-ын хооронд цахилгаан эрчим хүч экспортлож, импортлох тухай яриа сүүлийн 2 жилд илүү эрчимжиж, хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр байгуулах ажлууд тус хоёр орны Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагуудын түвшинд амжилттай явагдаж байна.

Дотоодын хэрэглэгчид, ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүч онцгой чухал ач холбогдолтой. Монголын эдийн засгийн хамгийн том салбар болох хөдөө аж ахуйн салбарынхны эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, хүнсний эрүүл ахуйг огцом сайжруулж, Монголын олон зуун мянган өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. 

Сүүлийн 10 жилд Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчинд том дэвшил гарч байна. 2007 онд Улсын Их Хурлаас Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан бол 2014 онд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, 2015 онд Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг баталж, 2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон. 

Мөн Улсын Их Хурал өнгөрсөн намрын чуулганаар Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг баталж, улмаар Засгийн газaр өчигдөрхөн, Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг баталлаа.

Сэргээгдэх эрчим хүч нь манай оронд шинэ тулгар хөгжиж буй салбар тул бид Монголын боловсон хүчний хөгжилд онцгой анхаарах хэрэгтэй. Энэхүү салбарт ажилладаг монголчуудын мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд бид энд ирсэн гадаадын зочид, төлөөлөгчид, мэргэжилтнүүд, бусад байгууллaгуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай. 

Энэхүү форумд оролцохоор нарлаг Монгол оронд зочлон ирсэн гадаадын мэргэжилтнүүд, төлөөлөгчдөдөө гүн талархал илэрхийлж, Монгол оронд тавтай саатахыг хүсье. Мөн, форумд оролцож буй нийт хүмүүс болон сэргээгдэх эрчим хүчний салбарын ажилтнууддаа сайн сайхныг хүсье. 

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум нээснийг мэдэгдэж, энэхүү хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэлээ. 

Related news