Дорноговь аймгийн баяр наадмын нээлтэд Морин хуурын чуулга оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 98, Дорноговь аймаг байгуулагдсаны 88, Сайншанд сум байгуулагдсаны 58 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 26-нд эхэллээ.
Ойн баярын нээлтэд “Саранхөхөө” театрын уран бүтээлчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсоноос гадна соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандах зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм.
Дорноговь аймаг аж үйлдвэрийн бүс нутаг болон хөгжих ирээдүй байгаа тул наадмын нээлтэд төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, нар салхины цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтын үйл явдлыг үзүүлбэр болгон харуулсан нь онцлог байлаа.
Мөн монгол хүн гэр бүл болж, гал голомтоо бадраан, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй байдлыг дүрслэн үзүүлсэн нь наадамчдын сонирхол татсан аж.
Үүнээс гадна Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт Цэгмидийн Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн гурван том найрал хөгжмийн хамтлагийн нэг “Морин хуурын чуулга” бүрэн бүрэлдэхүүнээрээ Дорноговь аймгийн наадмын нээлтэд үндэсний сонгодог бүтээлээ эгшиглүүллээ.
Морин хуурын чуулгыг УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн Зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан урьсан байна. Эл чуулгыг байгуулах анхны санаачилгыг гаргаж тулгыг нь тулж, тооныг нь өргөж, өрхийг нь таталцсан хүмүүн бол Мандах сумын уугуул морин хуурч, морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Монгол Улсын ардын жүжигчин, профессор, удирдаач Цэндийн Батчулуун агсан юм.
Тиймээс Морин хуурын чуулгынхан Мандах сумын ЗДТГ бусад байгууллагуудтай хамтран Мандах суманд Ц.Батчулуун агсаны дурсгалын хөшөө бүтээсэн байна. Хүчит бөхийн барилдаанд аймаг цэргийн цолтой хүчит 256 бөх барилдаж байна.