Дорноговийн Цагдаагийн байгууллагын түүхт 80 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн
Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баяр долдугаар сарын 04-нд тохиож байна.
Тус Цагдаагийн газар анх 1939 оны хоёрдугаар сарын 28-нд БНМАУ-ын Дотоод явдлын яамны Сайдын 59 тоот тушаалаар Цагдан сэргийлэх анги нэртэй байгуулагдаж Дотоодыг хамгаалах хэлтсийн харьяанд дарга, төлөөлөгч, байцаагч, таван цагдаагийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Түүхэн хугацаанд цагдаагийн байгууллагын үе үеийн ахмад буурлууд, алба хаагчид ард олныхоо амгалан тайван амьдралын төлөө боловсрол мэдлэг, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан амжилттай ажиллаж ирсэн байна. Тэдний амжилтаас дурдвал, 2000 оны ажлаараа улсын хэмжээнд гуравдугаар байрт, 2010 онд ЦЕГ-ын даргын нэрэмжит шалгалтаар “Сайн” үнэлгээ авч байсан төдийгүй сүүлийн жилүүдэд бүсийн болон аймаг, орон нутгийн хэмжээнд болсон спортын уралдаан тэмцээнд тогтмол эхний байрт шалгарсан амжилт гаргажээ.
Түүхт ойн ажлыг угтаж цагдаагийн алба оффисын барилгаа засварласнаас гадна байгууллагын түүхэн хөгжлийг харуулсан телевизийн нэвтрүүлэг, ном бүтээсэн аж.
Баярын үеэр алба хаагчдын жагсаал, үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, баярын хурал болж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг салбарын шагнал, аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргын өргөмжлөлөөр шагнав.