Эзэнгүй төр ба эзгүйрсэн ажлын байр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-20 12:11:38

Хэнтий /МОНЦАМЭ/ Орон нутгийн төрийн албан хаагчдын залгамж халааг бэлддэг байсан төрийн бодлого алдагдсанаас үүдэн аймаг, сумдын төрийн алба хүний нөөцийн хувьд дархлаагаа алджээ. Сум болгонд л тэтгэвэрт гарсан хүн төрийн албанд ажиллаж байна. Залуучууд хөдөө орон нутагт ажиллах сонирхолгүй болсон байна. Яагаад...?


Тэдний сонирхлыг татах, нийгмийн баталгааг нь хангах, мэргэшүүлж сургах ажил зайлшгүй шаардлагатай болоод байгааг хэн ч анзаарахгүй байна гэж үү? Орон нутагт ажиллах төрийн албан хаагчдын нийгмийн болоод эдийн засгийн хөшүүрэг зөвхөн эмч, багшаар хязгаарлагдаж байгаа нь бусад төрийн албан хаагчид, ялангуяа төрийн захиргааны боловсон хүчин орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах эсэх нь эргэлзээтэй.   


Сумдад голчлон эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөц, боловсон хүчний асуудал тулгардаг. Өнөөдрийн байдлаар Бэрх хотод шүдний эмч, сувилагч, бага ангийн багш, дуу хөгжмийн багш, Дэлгэрхаан суманд Хөдөө аж ахуйн тасаг, Биндэр суманд Спортын арга зүйч байдаггүй, түүнчлэн Баянхутаг сумын хувьд ЗДТГ-т нь нягтлан бодогч, санхүүгийн албаны дарга тэтгэвэрт гарсан хүн түр ажиллаж байна. ЕБС-д хими, физик, дуу хөгжмийн багш, эрүүл мэндийн төвд сувилагч дутагдалтай бөгөөд мөн л тэтгэвэрт гарсан хүмүүс ажиллаж байна. Хурх тосгоны Хүн эмнэлэгт нийгмийн ажилтан, нягтлангийн орон тоо байгаа ч хүний нөөцгүйгээс сул орон тоо байсаар байна. Энэ мэтчилэн сул орон тоо байгаа хэдий ч боловсон хүчний асуудлаа шийдэж чадаагүй л байна.


Саяхан болсон Хэнтий аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр шинээр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн талаар дурьдсан. Уг хуулинд зааснаар бол төрийн албан хаагчдыг байнга давтан сургах, шатлан дэвших боломжийг тусгаж өгсөн нь амьдралд нийцтэй, шударга өрсөлдөөнийг бий болгож чадахуйц юм. Харин орон нутагт шинээр ирж байгаа залуу боловсон хүчний ниймийн баталгааг хангахад төрийн зүгээс зайлшгүй дэмжлэг хэрэгтэй байна. Орон нутгийн төрийн байгууллагын үйлчилгээ сайжирч эрүүл мэнд, боловсролын маш сайн үйлчилгээг авснаар төв суурин газар руу чиглэсэн их нүүдэл саарч орон нутгийн төвлөрөл сайжирна. Сайн орчинтой, сайн төрийн үйлчилгээтэй, аюулгүй байдлаа хангаж иргэдээ дээдэлсэн газарт ажиллаж амьдрахад иргэн бүрт таатай байх болов уу. Ийм л орчныг бүрдүүлэхийн төлөө төрийн алба гэж байдагсан...

 

Related news