Миссүүд Хүрээ амаржих газрын эрчимт эмчилгээний тасгийг тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-03-24 16:40:13

“Монгол туургатны мисс” тэмцээний оролцогчид “Сүүн дусал” сайн үйлсийн аяны хүрээнд хандив цуглуулж "Хүрээ" амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг сэргээн засварлах болжээ.

“Дэлхийн монголчууд Глобал” нийгэмлэгээс Монголд анх удаа 50 сая төгрөгийн шагналын сан бүхий “Монгол туургатны мисс”-ийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Уг тэмцээний “Мисс гүүдвилл” номинацийн хүрээнд “Сүүн дусал” сайн үйлсийн аян эхлүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Аяны хүрээнд "Хүрээ" амаржих газар буюу нийслэлийн Хоёрдугаар төрөх эмнэлгийн Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг 32 сая төгрөгөөр сэргээн засварлахаар төлөвлөжээ. Тиймээс тус тэмцээнд оролцож буй Монгол, Халимаг,  Буриад, Тува, ӨМӨЗО-ны мисс бүсгүйчүүд үндэсний томоохон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг танилцуулан борлуулж 10 орчим сая төгрөг цуглуулсан аж. Мисс Н.Ану “Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй. Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг өрнүүлж байна” гэлээ.

“Монгол туургатан мисс”-ийн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 27-нд “Корпорэйт конвейшн” төвд болох бөгөөд оролцогчдыг 6 номинацаар шалгаруулж, тэргүүн миссийг үзэгчдийн саналаар тодруулах аж. Тэргүүн мисс 9 эрдэнийн шигтгээ, 999 сорьцын алтан буга бүхий цэвэр мөнгөн титэм болон 30 сая төгрөг хүртэх юм байна.

С.Сайнзаяа

Related news