Өдөрлөгөөр 82 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Олон улсын Хөдөлмөрийн байгууллага үүсгэн байгуулсаны 100 жил, Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулсаны 60 жилийн ойг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-т 500 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцжээ.
Уг өдөрлөгийг тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хамтран зохион байгуулсан байна. Өдөрлөгт Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн болон мэргэжлийн боловсролын салбар зөвлөлийн дарга Ж.Ганбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Өдөрлөгийн үеэр ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн 71 иргэнийг LMIS программд бүртгэхээс гадна орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 12 байгууллагаас ирүүлсэн 82 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг танилцуулж, ажлын байрны шаардлагад нийцсэн 125 ажилгүй иргэнийг ажилд зуучлах үйлчилгээнд, 103 иргэнийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд, 87 иргэнд төсөл хөтөлбөр түүний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл зөвлөгөө өгчээ.
Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын үйлчилгээг цогцоор нь нэг дороос үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа төр захиргааны байгууллагууд, олон улсын болон, аж ахуйн нэгж байгууллага зэрэг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн оролцож байгаагаараа онцлогтой байлаа.